2,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Мароккогийн хаан VI Мухаммедийг дэлхийн хамгийн баян хаадын нэг хэмээн нэрлэж болно. Төрийн санг хүссэнээрээ захиран зарцуулдаг энэ төрийн тэргүүн юу хүссэнээ авч, юу бодсоноо биелүүлдэг гэнэ.

Жил бүр зөвхөн халаасны зардалдаа 40 сая ам.доллар авдаг гээд л төсөөлчих. Гараашид нь Maybach, Aston Martin, Ferrari, түүнчлэн хэдэн арван тансаг болон ховор загварын автомашин бий.

 

Хаантан 1,2 сая ам.долларын үнэтэй бриллиант бүхий цагаан алтан цаг бугуйндаа зүүдэг, 12 том шилтгээнтэй, Мишлений гурван одтой ресторанд оройн зоогоо барьдаг, 300 бараа бологчоо дагуулан нисдэг гэнэ. Түүний тухай Лента.ру-д гарсан материалыг орчуулан хүргэж байна.

Утгагүй зардал

“Түүний 5 сая гаруй албат өдөрт 1,5 ам.доллараас бага мөнгөөр аж төрж байна. Харин тэр жил бүр нийгмийн сангаас 40 сая орчим ам.долларыг халаасны зардалдаа буюу өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулдаг. Хайртай тоглоомуудыг нь сайн засаж янзалсан байхад тэр дуртай.

Тухайлбал VI Мухаммед машинаа тоноглуулахын тулд Aston Martin машинаа Британи руу ачааны онгоцоор үйлдвэрлэгч рүү нь явуулж байсан удаатай” гэж 2012 онд Францын сэтгүүлч Катрина Грасье, Эрик Лоран нар “Ангууч хаан” номондоо бичжээ.

Уг номонд Мароккогийн хааны өдөр тутмын зардал, сонирхлын талаар өгүүлсэн байдаг аж. Энэхүү номыг Мароккод хэвлэн нийтлэхийг хориглосон байдаг аж.

1999 онд Мухаммедын тангараг өргөх ёслолын ажиллагаа болж, энэ ажиллагааны үеэр түүнийг “Ядуусын хаан” гэж нэрлэж байлаа. Тэрбээр эдийн засгаа шинэчилнэ гэж гарч ирсэн юм. Харин хааны тухай ном гарсны дараа түүний “Мидас хаан” гэх болжээ.

Түүний хөрөнгө 2,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. “Тэр эдийн засгийн бүхий л чухал салбарыг өөрийн гартаа төвлөрүүлчихсэн. Улсдаа гол банкир, даатгагч, экспортлогч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч болчихсон” хэмээн сэтгүүлчид хааны ордны ойр орчмын эх сурвалжууд дээр үндэслэн бичжээ.

Зохиолчдын дэлгэснээр хааны тухай амьдралын дэлгэрэнгүй мэдээлэл олон хүнийг гайхшируулжээ. Тухайлбал, тэрбээр гэрийн тэжээвэр амьтдаа тэжээхэд жилд 1,5 сая ам.доллар зарцуулдаг бол хувцас хунартаа үүнээс хоёр дахин их мөнгө зарлагаддаг нь ил болжээ. Жишээ нь гэхэд нэг удаа Мухаммед Лондоны нэгэн бутикээс ноолууран пальтог 55 мянган ам.доллараар авч өмссөн удаатай.

Хаан хилийн чанадаар аялахдаа ихэвчлэн зарц, найз нөхөд гээд 300 бараа бологч дагуулан явдаг. Тэдэнд зориулан тусгай онгоц захиалдаг байна. Харин өөрийнх нь онгоц бүр дотроо өөрийн гэсэн дасгал сургуулилт хийх заалтай.

Хаантан 12 ордонтой Хэдийгээр тэрбээр үүнээсээ 4-т нь л амьдардаг ч үлдсэн хэдийг нь арчилж тордох, гэнэтийн айлчлалд бэлэн байлгахад нь бас л мөнгө урсгадаг. Гадаах цаг агаар ямар байхаас үл шалтгаалан өрөөний температур нь тогтмол 17 градус байх ёстой. Ийм шилтгээнүүдийнх нь үйлчилгээнд өдөрт л 1,5 сая орчим ам.доллар урсдаг байна. Хаантныг тэжээхийн тулд Мароккогийн татвар төлөгчид жилд 353 ам.доллар зарцуулдаг нь Британийн хатан хаан II Елизаветагийнхаас 18 дахин илүү.

VI Мухаммед тансаг бүхэнд дуртай. “Өглөө болгон туслахууд нь ордны үүдэнд 10 тансаг машин авчрах ёстой байдаг. Үүнээс тэр өнөөдөр ямарт нь суухаа шийднэ. Ferrari, Aston Martin, Maybach гээд л түүнд сонголт их” хэмээн сэтгүүлчид бичжээ.

Мухаммед хаан болон түүний ойрын хүрээллийнхний амрах дуртай газар нь тэндхийн  Royal Mansour зочид буудал. Анхнаасаа үүнийг хааны хаалттай ордон болгохоор төлөвлөж байсан ч удалгүй энэ газрыг зочид буудал болгохоор шийджээ. 3,5 га газарт гурван давхар 53 ширхэг харш байдаг.

Хааны найзууд болох зочин бүрт есөн зарц, нэг хаалгач үйлчилнэ. Амрагчдад илүү тав тухтай нөхцөл бүрдүүлэхийн тулд үйлчилгээний ажилтнууд нь тэдний нүдэнд огт өртөхгүй. Үүний тулд зочид буудлын газар дээр газар доорх хонгилын систем боловсруулжээ.

Дотор нь тансаг дотоод засалтай. Гантиг шигтгэмэл, гараар нэхсэн хивс, усан бассейн, буйдантай террас гээд л. Хашаандаа усан оргилуур, хөдөлгөөнт шилэн дээвэртэй, тэр нь мэдрэгч удирдлагатай, борооны эхний дуслаар л автоматаар хаагддаг.

Хааны зочид болон хаан өөрөө янз бүрийн спа үйлчилгээнд орж, гоо сайхан, массаж хийлгэдэг байна. Орой нь найзуудтайгаа Royal Mansour байдаг ресторануудын нэгэнд орно. Тэнд нь Мишлений 2-3 од авсан Парисын элит ангиллын зочид буудлын ахлах тогооч үйлчилнэ.

Саяын үнэтэй цаг

2020 оны нэгдүгээр сард Марракеш дэх хааны нэгэн ордонд ажиллаж байсан үйлчлэгч эмэгтэйд тус бүр нь 20 мянган ам.доллараас доошгүй үнэтэй хэдэн арван бугуйн цаг хулгайлсан хэргээр 15 жилийн хорих ял оноосон юм. Бүсгүй хааны зарим эд зүйлсийг зарж амжжээ. Худалдан авагчид нь ч уг гэмт хэрэгт оролцсоноо хүлээн зөвшөөрч, дөрвөн жилийн ял авцгаасан байна.

Ерөнхийдөө энэ бол Мухаммедын хамгийн үнэтэй цагнуул биш. Тэрбээр 2018 оны есдүгээр сард Patek Philippe-ийн 1,2 сая ам.долларын үнэтэй бриллиантаар чимсэн цагаар гангарсан нь хэвлэлийнхний нүдэнд тусчээ.

Үнэтэй машин, бриллианттай цагнаас гадна хаантан уран зураг, усан онгоц худалдан авах дуртай. Өнгөрсөн оны есдүгээр сард л гэхэд төрийн эрхэнд байсны 20 жилийн ойгоороо Badis 1 хэмээх 70 метр усан онгоц худалдан авсан түүхтэй.

Хэвлэлүүдэд бичсэнээр анхандаа тэрбумтан Билл Дукерийн эзэмшилд байсан энэ онгоцыг Мароккогийн хаан 88 сая еврогоор худалдан авсан гэнэ. Гол нь энэ онгоцыг худалдан авахаасаа өмнө тэрбээр El Boughaz хэмээх 62 метр урт усан онгоцоо бүрэн янзлуулж, тохижуулсан байдаг.

Үнсгэлжингийн түүх

Өдгөө хааны хувийн амьдрал нууцаар дүүрэн. 2002 оны гуравдугаар сард гэрлэхээсээ өмнө 38 настай хаан дуулиант үдэшлэг, тансаг машинд дурладаг плэйбой байсан гэдэг. Харин мэдээллийн технологийн мэргэжилтэй 24 настай Лалла Сальматай учирсан нь хаантны амьдралыг бүрмөсөн өөрчилжээ. Тэд 16 жил хамт амьдарсан бөгөөд хүү, охин хоёртой.

Хуримаас өмнө тэдний хайр дурлалыг Үнсгэлжингийн үлгэртэй адилхан гэдэг байлаа. Учир нь язгууртан гаралгүй ч сэхээтэн гаралтай гэр бүлд төрж өссөн охин хаантай гэрлэсэн учраас тэгж нэрлэдэг байжээ. Хааны гэргий болмогцоо тэр хатан цол авсангүй, гүнж цолтой л үлджээ. Хуримын ёслолын өмнө тэрбээр нөхрөөсөө анхны бөгөөд цорын ганц эхнэрээ болгоно гэсэн амлалт авсан гэдэг.

Сальма нутгийн уламжлалыг хэдэнтээ зөрчсөн удаатай. Нөхөр нь түүнийг идэвхтэй амьдрахыг зөвшөөрч, хуримын ёслолын үеэр хамтдаа авахуулсан зураг нь дэлхий даяар тархсан байдаг. Энэ зураг дээр сүйт бүсгүй цасан цагаан даашинзаа алтан хатгамлаар чимж, бриллиантан ээмэг, титмээр гоёжээ.

Хаантан эхнэртээ бэлэг барихдаа гар татдаггүй байлаа. Эхнэр нь Мароккогийн үндэсний үнэт тэрлэгэнд дуртайгаас гадна хэдэн мянган ам.долларын үнэтэй европ костюм сонгодог байв. Мароккогийн хааны гэргий ямар ч хувцас өмссөн үнэт эдлэл байнга дагалдуулна.

Жишээ нь бриллиант, оюу, тод хөх өнгийн танзанит чулуутай том унжуургатай ээмгээр гангарахаас гадна сувд, хаш, алтан чимэглэлтэй бүс зүүнэ.

Хаантан 2018 онд гэргийгээсээ салсан юм. Өдгөө Лалла Сальма Рабатад амьдарч, хүүхдүүдтэйгээ уулзахын тулд хааны ордонд байнга ирдэг. Хааны хүрээллийнхэн хаантныг дураараа, түргэн ааштай хэмээн байнга гомдоллодог байна.

Францын сэтгүүлчид хаан болон түүний хүрээллийг мафийнхантай холбоотой гэх ном гаргаснаас болж 2015 онд тэднийг хааныг шантаажлах гэсэн, түүнээс их хэмжээний мөнгө угаасан хэргээр баривчилсан юм.

Францын хэвлэлүүдээр Эрик Лоран, Катрин Грасье нарыг Мухаммед хааны тухай мэдээллийг цацахгүйн төлөө 3 сая евро өгөхийг шаардсан гэнэ. Үүниг биелүүлэхгүй бол тэд хааны нууцын тухай шинэ ном гаргахаа амлаж байлаа. Уг ном 2016 онд гарах ёстой байв.

 

lenta.ru

By updown

3 thoughts on “Ядуусын баян хаан”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн