Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруйтай уулзаж, хоёр орны хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгийн хөгжлөө тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулж эхэлсэн. Монгол улс ч энэ чиглэлд анхаарч ажилалж байгаа бөгөөд БНХАУ-тай хамтран хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхийг үүрэг болсон.
Коронавирусээс шалтгаан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын тал руу гарч буй нүүрс тээврийн автомашиныг 2000 хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэхэд анхаарч ажиллахаа хэллээ. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлсэн юм. Түүнчлэн БНХАУ коронавирусний вакцин гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлэв.