Шинэ Зеландын Крайстчерч хотын иргэд гудамжаар нь нөмрөг, шовх оройтой бүрх малгай өмссөн эр зөрж өнгөрөхөд огтхон ч гайхдаггүй. Тэд хотод нь нэгэн шидтэн амьдрахаас гадна ажил эрхэлдэг гэдгийг мэднэ.
Британийн иргэн Ян Брэкенбери Ченнел 50-иад жилийн өмнө Шинэ Зеландад ирж, Крайстчерч хотод суурьшжээ. Хотын талбайгаар шидтэний хувцас өмссөн эр амьдралын онолоо номлодог байсан тул эхэндээ гэм хоргүй хотын галзуу иргэн гэдэг нэр зүүжээ. Цаг хугацааны явцад Ченнел нь ухаантай хүн, сонирхолтой ярилцагч, мэргэжлийн сэтгэлзүйч, социологич болохыг нь мэдэж авчээ.
Крайстчерч хотод ирсэн жуулчид түүнийг хотын бас нэг үзэх ёстой үзмэр гээд, аялал жуулчлалын бүхий л порталдаа багтаасан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн Ченнелтэй ярилцахаар энэ хотыг зорьж ирдэг болжээ.
Ченнел өөрийгөө хүмүүст баяр баясал төрүүлэхийн тулд ийм байдалтай явдаг гэдэг. “Дэлхий ертөнц өдөр ирэх тусам хэцүү болж байна. Тиймээс баяр баясгалан гэдэг бол өнөөдөр хүний амсах ёстой хамгийн чухал мэдрэмж гэж боддог” хэмээн тэрбээр ярьжээ.
Ченнелийн Крайстчерч хотод хийсэн үйлийг нь үнэлж, хотын зөвлөлөөс шидтэнд зориулсан албан ёсны албан тушаал бодож олж, 1998 оноос эхлэн жил бүр 10400 долларын цалин өгч байна. Энэ мөнгө амьдралд нь хүрэлцэхгүй ч Ченнель залуухан найз бүсгүйнхээ цалингаар амьдарч байна.
Хотын захиргаанаас Ченнелийг шууд ажилд аваагүй юм. Нэгэн удаа энэ нутагт ган гачиг нүүрлэжээ. Орон нутгийн хөдөө аж ахуйн яармагийн зохион байгуулагчид тоглоом шоглоомоор шидтэнээс бороо оруулж өгөхийг гуйж гэнэ. Ченнел ч гайхсан олны өмнө бөмбөр барин борооны бүжиг хийсэн байна. Гэтэл бүжиг дөнгөж дуусав уу үгүй юу аадар бороо цутган орж эхэлжээ. Баярласан фермерүүд түүнийг вискигээр дайлсан гэдэг. Энэ явдлаас хойш бүх зүйл нааштайгаар эргэжээ.
Энэ түүх тухайн үеийн ерөнхий сайд Майк Мурын чихэнд хүрч, тэр л Ченнеальд Шинэ Зеланд, Антарктидын шидтэн болох боломжийг яаралтай бодолцож үзнэ үү гэсэн захидал илгээжээ.
Энэ онд Ченнел 87 нас хүрнэ. Хүндэт шидтэн өдгөө өөрийн гэсэн шавьтай болжээ.