Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан…Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна
Яруу найрагч Л. Өлзийтөгс