Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улс газар нутгийнхаа нийт 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Голландаас 1992 онд 15 тахийг нутагшуулж байлаа. Өнөөдөр Хустайн нурууны тахь 410 болжээ. Мөн Говь-Алтай, Ховд аймагт тахь үржиж байгаа.
Монгол Улс нийт 800 гаруй тахийн сүрэгтэй болсон байна. Тахь үржиж өсөхөд манай тусгай хамгаалалттай газрынхан тэр дундаа байгаль хамгаалагчид нөр их хөдөлмөр бүтээлээ шингээсэн. Байгаль хамгаалагчид маань цаг агаарын хүнд нөхцөлд хад, асга чулуутай, бартаатай уулаар мотоцикл унаад араатан амьтдаас тахиа хамгаалахын төлөө өөрсдийн эрүүл мэнд, амь насаа зориулан ажиллаж байна.
Энэ хүнд хүч хөдөлмөрийн үр дүнд устаад байсан тахь эх орондоо эргэж ирсэн. Өнөөдөр байгаль хамгаалах салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Хустайн байгалийн цогцолборт газрын 54 ажилтны 16 гэр бүл орон сууцанд орж, ажлаа хийхэд ар гэртээ санаа зовох зүйлгүй боллоо” гэсэн юм.