Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны зургаадугаар давхраас өнгөрсөн даваа гарагт 21:00 цагийн үед 22 настай, эрэгтэй Б үсэрч, амиа алдсан хэрэг гарсан байна.
Талийгаач төрсөн эхийгээ хөнөөж, гэртээ гал тавьж, улмаар цонхоороо үсэрч амиа хорлосон байж болзошгүй бөгөөд талийгаачийн гэрээс түүний ээж болох 46 настай, эмэгтэй Н-ийг гаднын нөлөөтэй нас барсан байхыг олсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр 46 настай, эмэгтэй Н-ийн толгойн тус газар нь цус болсон, хөл толгойг нь скочоор хүлсэн байжээ.
Хэргийн талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү олон нийтэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагад хэрэг гардаг өдрийн 21:48 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн анхны дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Хэргийн газарт 46 настай эмэгтэй гаднын нөлөөтэй нас барсан бол 22 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нь тогтоогдсон. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу байв гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хэргийн газрын анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэрэг шалгагдах явцад хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж дууссаны дараа хэрэв шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрснөөр олон нийтэд мэдээлэл хийнэ” гэх тайлбарыг хийлээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.