Шейх Халифа Аль Нахайяныг дэлхийн хамгийн баян удирдагчид тооцдог. Түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө 150 тэрбум ам.доллараар үнэлэгддэг гэнэ. Төсөөлөхийн аргагүй тансаглал дунд аж төрж, хэзээ ч очиж үзээгүй хэрнээ Еviаn рашаанаар ордныхоо бассейн, усан оргилуурыг дүүргэдэг гээд л төсөөлчих. Энэ удирдагч дэлхийн өнцөг булан бүрт хэдэн зуун ордон, шилтгээн, цайзтай ч олонхыг нь санадаггүй байна. АНЭУ-ын Ерөнхийлөгчийн тансаглалын тухай Лента.ру сайтад бичсэнийг орчуулах хүргэе.
Ой санамж муутай
“АНЭУ-ын Ерөнхийлөгч дэлхий даяар ямар ордон шилтгээнтэй вэ гэдгээ ч санахааргүй баян. Жишээлбэл тэрбээр Испанид үл хөдлөх хөрөнгөтэй. Гэвч тэр хэзээ ч энэ шилтгээндээ очиж үзээгүй төдийгүй хаана байдгийг нь ч сайн мэдэхгүй, Мадридаас холгүйхэн байдаг уу л гээд зогсоно” хэмээн The Observer-ийн сурвалжлагч тэмдэглэжээ.
Испанийн нийслэлээс 60 км-т орших тансаг шилтгээн Шейх Халифа Аль Нахайянагийнх гэдгийг хэвлэлүүд олж тогтоожээ. Түүнийг 17 жилийн өмнө худалдан авсан юмсанж. Энэ шилтгээнийг 15 хүн байнга арчилж тордож байдаг ч Арабын удирдагч ч, гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн ч энд ирж байсангүй.
Сэтгүүлчдийн хэлснээр бол энэ шилтгээний гал тогоонд нэг ч удаа хоол хийж үзээгүй бөгөөд аяга сав угаагч машин, плитка, хөргөгч нь цоо шинээрээ гялгар ууттайгаа байх жишээтэй. Шилтгээний ажилтнууд долоо хоногт нэг удаа АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хувийн логогоор чимэглэсэн алчуур, 11 унтлагын өрөөнд дэвссэн орны даавуу зэргийг нь солино. Энэ шилтгээний үйлчилгээнд шейх жилд 565 мянган ам.доллар зарцуулдаг аж.
Испанийн энэхүү шилтгээнээс гадна шейх Европ даяар хэдэн зуун шилтгээн, ордон, цайзтай. Зөвхөн Лондонд л гэхэд 140 үл хөдлөх хөрөнгө Mayfair, Marylebone, Knightsbridge, Kensington зэрэг дүүрэгт байх жишээтэй.
Рашаанд урсдаг усан оргилуур, усан бассейн
Хамгийн тансаг шилтгээнд нь Лондоны тойрогт Виндзорын их цэцэрлэгт хүрээлэнгээс холгүйхэн орших XVIII зуунд баригдсан Аскот-Плейс шилтгээн орно. 400 акр газрыг хамардаг энэ шилтгээнийг Халифа 1989 онд Mercedes Benz-ийн эзэнт гүрний өв залгамжлагч Мик Фликерээс 22,6 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ шилтгээний нутаг дэвсгэр дээр аварга том нуур, агуй байдаг. Энэ эдлэнтэй зэрэгцээд хатан хаан II Елизаветагийн Виндзорын шилтгээн оршдог.
Энэхүү эдлэнг засаж тохижуулахад ч анхаарчээ. Арабын удирдагч эхлээд түүнийг периметрийнх давуу асар том хашаагаар хашаалж, тус бүр нь 2,5 сая ам.долларын үнэтэй таван өрөө коттеж 150-ыг барихаар болжээ. Гэвч нутгийн засаг захиргаа энэ төлөвлөгөөг эсэргүүцэж, барилгын ажлын зөвшөөрөл олгоогүй гэдэг.
Тэр үед шейх ордныхоо засварт анхаарлаа хандуулж, хамгийн түрүүнд Францын Альпын нуруунаас Evian рашаан шууд авчирдаг усны сав суурилуулжээ. Энэ рашаан усан сангаас нь оргилж, бассейныг нь дүүргэдэг юм байна. “Түүнд нутгийн усны амт таалагдаагүй бололтой. Үүнээс гадна тэрхүү усны сав нь олон давхар зогсоолтой төстэй” хэмээн нүдээр үзсэн нэгэн хүн ярьжээ.
Гэвч энэ шилтгээн АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Лондон дахь харш болж чадсангүй, түүнд хэтэрхий жижигджээ.
Арабын удирдагч хаа нэгтээ нисэхдээ дор хаяж 100 зарц, бараа бологчоо дагуулан явдаг. Тухайлбал хувийн үсчин нь төрийн тэргүүнийхээ сахал үсэнд анхаарч байнга дагалдана.
Аскот-Плейст шейх нэг л удаа буусан удаатай. Энд тэрбээр хагас өдрийг л өнгөрөөжээ. Гэвч Францын Альпаас энэ шилтгээн рүү рашаан зөөсөн хэвээр байна.
Лондон дахь бас нэг шилтгээн нь Ham Gate. Халифа үүнийг 1980 онд 6,3 сая ам.доллараар худалдан авсан гэдэг. 2013 онд энд түүнийг Их Британид ирсний хүндэтгэлийн үдэшлэг зохион байгуулсан. Цэцэрлэгчид дотоод ландшафтыг нь засах гэж дөрвөн сар зарцуулж, британичуудын дургүйг хүргэсэн гэдэг. Учир нь тэд хуучин моднуудыг нь тайрч, оронд нь залуу модод суулгасан төдийгүй ганц шөнө зочид байршуулахын тулд хажуугийн байшингуудыг нь ч худалдан авчээ.
Надад хоноглох газар хэрэгтэй
Ганцхан шөнө л буудаллахын тулд бүхэн бүтэн байшин худалдан авдаг нь АНЭУ-ын Ерөнхийлөгчийн гэм биш зан. Учир нь тэр зочид буудалд хоноглох дургүй. Нэг удаа тэрбээр АНУ-д албан ёсны айлчлал хийх гээд, туслахаараа дамжуулан Вашингтоны дагуул хотод шилтгээн хайлгажээ. Үүнд 25 сая ам.доллар зарцуулсан байна. Удирдагчийн хувьд сум нэвтэрдэггүй машин руугаа орох, байшинд орсноо мэдэгдүүлэхгүй байхын тулд газар доор зогсоолтой байх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсан байна.
Удирдагч Номин эрэгт амрах дуртай. Францын өмнөд хэсэгт Канныг харсан тансаг шилтгээнтэй бөгөөд үүнийгээ 38 сая ам.доллараар худалдан авчээ. Эрэг дээр тэр өөрийнхөө дүүжин гал тэргээр бууна. Түүнчлэн тэрбээр Францын Антибт шилтгээнтэй, Женевийн Максийи-сюр-Леман нуурын эрэг дээр асар том харштай.
Шейх хаана ч байрласан АНЭУ-аасаа хоол хүнсээ бэлнээр захиалдаг. Сейшелийн арлууд руу хувийн онгоцоор хүрэхэд нь 66 акр газар, долоон давхар ордон угтан авна. Нэгэн удаа шилтгээний бохирын суваг дүүрч, ойролцоох далан руу нь асгаснаас болоод дуулиан дэгдэж, АНЭУ-аас энэ дуулианыг намжаахын тулд орон нутгийн засаг захиргаанд 130 сая ам.долларыг нийгмийн хэрэгцээнд нь хандивлажээ.
Арабын удирдагч зөвхөн эрэг дээр төдийгүй Персийн буланд усан онгоцоороо аялах дуртай. Түүний нэг усан онгоц Azzam нь 180 метр урт бөгөөд 615 сая ам.долларын үнэтэй. Энэ бол 500 хүнд үйлчилдэг, дэлхийн хамгийн том хувийн усан онгоц юм.
Усан онгоцон дээр нисдэг тэрэгний талбай, шумбагч онгоц, нэг ч боомтоор оролгүйгээр аялах хэмжээний түлш нөөцөлсөн сав зэрэг бий. Үүнээс гадна хөлөг онгоцонд 36 зочин тайван аялах боломжтой. Жилийн үйлчилгээнд 60 сая ам.доллар зарцуулдаг байна.
Халифа Эмират улсаа жуулчдыг илүү татсан орон болгохыг хүсдэг. Тэрбээр төрийн барилга болон хувийн шилтгээнүүдээ нарийн мэдрэмжээрээ ялгарч байгаасай гэж хичээдэг. Үүний тулд тэрбээр Лувр, Гуггенхаймын шилдэг архитекторуудыг хөлсөлж, үүндээ 25 тэрбум ам.доллар зарцуулж байсан удаатай. Ийм санаа гаргах болсон нь барууны хэвлэлүүдээр АНЭУ-ын анхны ерөнхийлөгч, эцэг Шейх Заидыг нь сонин мэдрэмжтэй гэж шүүмжилсэнтэй холбоотой.
Хунтайж өөртөө кофе аягалдаг
Сүүлийн 6 жилд шейх Халифа тэр бүр олны өмнө гарч ирэхээ больсон юм. 2014 онд тэрбээр зүрхний шигдээс тусаж, тэр цагаас хойш АНЭУ-ыг түүний үеэл дүү, угсаа залгамжлагч хунтайж Мухаммад ибн Заид Аль Нахайян толгойлж байгаа. 59 настай тэрбумтныг The New York Times сэтгүүлээс Арабын хамгийн алдартай удирдагч хэмээн зарласан байдаг.
Хунтайжийн хувьд эрүүл хооллож, спортоор хичээллэж, өөртөө кофегоо найруулж уудаг гэдэг. Үүний зэрэгцээ шонхрын ангийн хорхойтон Мухаммад хаа сайгүй явдаг. 1981 онд Салама гүнжтэй гэрлэхэд 44,5 сая ам.долларын хурим хийсэн гэдэг. Долоо хоног үргэлжилсэн энэ хуриманд 20 мянган зочин оролцжээ.
Мухаммадын гэр бүл бүх зочноо байршуулахын тулд 22 сая ам.доллараар цэнгэлдэх хүрээлэн барьсан байна. Харамсалтай нь хүн болгон залуу хосод баяр хүргэж чадаагүй гэдэг. Гэхдээ залуу хосын хувьд бүх зочиндоо үнэтэй бэлэг, дарс, амттанаа хүргэж чаджээ. Абу-Дабигийн энгийн иргэдийг ч дайлж цайлсан хурим болсон гэдэг.
Цугларсан олныг Араб, Африкийн орны 50 ансамбль хөгжөөж, нэг ансамбль нь тэдэнд тусгайлан зориулсан дуугаараа бэлэг барьж байлаа. Үүнийх нь төлөө Мухаммад баярласан сэтгэлээ илэрхийлж, тод улаан өнгийн Mercedes хүртэл бэлэглэжээ. Хувийн нисэх онгоцны буудал нь шейх, эмир, хаад, хунтайж нарын хувийн онгоцыг арайхийн багтаасан гэсэн үлгэр домог мэт яриа хөвөрдөг. Сүйт бүсгүйд зориулж ховор үүлдрийн 20 тэмээ бэлэглэсэн бөгөөд тэмээ бүрийг үнэт чулуугаар чимэглэжээ. Энэ хосоос таван охин, дөрвөн хүү, нийт 9 хүүхэд төрсөн байна.
Эх сурвалж: lenta.ru
1 comment
Yxne shyydee menxrexgyi bailgyidee