Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Австрали, Франц, Болгар, Унгар, Польш зэрэг 21 улсын Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр тодорхой тооны оюутан, залуусыг дээрх орнуудад суралцуулдаг.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард “Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд гадаад улсад иргэдээ суралцуулахдаа дээрх мэргэжлээр сургахад эхний ээлжинд анхаарч ажиллах талаар уулзалт хийсэн элчин сайд нарт хүсэлт гаргаж байна.
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012 оноос хойш зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2521 монгол оюутан суралцсан болно. 2019 оны байдлаар БНХАУ-ын Их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар 10,100 монгол оюутан суралцаж байна.
Ээлжит уулзалтын хүрээнд яригдсан дээрх сэдвийг улстөржүүлж, буруу ташаа ойлголтыг олон нийтэд түгээж байгаа нь Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, гадаадын их, дээд сургуульд суралцагсдын эрх ашиг, нөхцөл боломж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг талыг барьж, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
Элчин сайд нартай албан ёсны уулзалт хийхэд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлэх, чанар, тоог нэмэгдүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хүсэлт гаргадаг уламжлалтай.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ