Саяхан, МУБИС-ийн нэг доктор монголчуудтай гарал нэг үндэстэн, угсаатнууд, тэдгээрийн дотор унгарчууд “хөх толбо”-той байдаг хэмээн олон нийтийн телевизээр ярьж байхыг харав. Түүний хэлснээр, Унгарын тамирчид харвааны тэмцээнд сайн байдаг нь тэдний “хөх толбо”-той холбоотой гэнэ.
МУБИС нь манай багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн том сургууль гэгддэг. Гэтэл, энэ сургуулийн доктор хүн хүртэл “хөх толбо”-ны талаар ийм хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй яваа төдийгүй, үүнийгээ ирээдүйн багш, оюутнуудад зааж сургадаг бол яана. Ийм ярианаас үүдэн, “хөх толбо”-ны талаарх шинжлэх ухааны баримтуудыг та бүхэнд товч толилуулж байна.
Хөх толбыг Монгол угсаат хүмүүс болон тэдэнтэй ойр төрөл ард түмнүүдийн онцлог гэх эндүүрэл нь одоогоос 100 гаруй жилийн өмнө нэгэн герман эмч нялх хүүхдийн хонгон дээр гардаг бараан, хөх толбыг “Монгол толбо” гэж нэрлэснээс үүджээ. “Монгол толбо” нь дөнгөж мэндэлсэн хүүхдийн ууц, хонго, түүнчлэн мөр, гар гэх мэт биеийн бусад хэсгүүдийн арьсанд тодрон гарч ирдэг хөх, саарал буюу хар хөх өнгийн, гэхдээ ямар нэг хор хөнөөлгүй толбо юм.
“Www.skin-care.health-cares.net” хэмээх эрүүл мэндийн сайтад тайлбарласнаар, хөх толбо нь хүний арьсны гадна талын давхаргын дунд хэсэгт хуралдсан меланин хэмээх будагт бодистой эсүүдийн нөлөөгөөр бий болдог ажээ. Гэхдээ, меланинт эсүүд нь хүүхдийг төрөхөөс аль эрт буюу үр хөврөлийн шатанд арьсны crista neuralis хэмээх мэдрэлийн эсийн давхаргаас нүүж, байвал зохих газар буюу эпидермис хэмээх арьсны хамгийн гадна талын давхаргад хүрч чадалгүй, харин дунд нь орших дермис хэмээх давхаргад хуримтлагдсанаас болж, хөх буюу бараан өнгийн толбо үүсгэдэг хэмээн үздэг байна. Арьсны энэ толбо хүүхэд өсөж том болох хэрээр бүдгэрсээр, дөрвөн нас хүрэх үед арилдаг байна.
Хөх толбо хүүхэд ямар арьстан, үндэстэн эсэхээс үл хамааран тохионо. Саяхны буюу 2000 оноос хойш явуулсан хэд хэдэн судалгаанаас үзвэл (http://emedicine.medscape.com/article/1068732-overview#a0199), АНУ-д уугуул хүмүүсийн 90 хувь, хятадуудыг оролцуулаад зүүн Азичуудын 80 хувь, Испани гаралтнуудын 70 хувь, цагаан арьстнуудын 10 хувь нь хөх толботой төрдөг байна. Мөн, олон улсын түвшинд явуулсан өөр нэг судалгаагаар, зүүн Африкийн хүүхдүүдийн 80 хувь, испани хүүхдүүдийн 46 хувь, цагаан арьстнуудын 1-9 хувь нь хөх толботой байв.
Дээрхээс гадна, нэгэн сонирхолтой мэдээ бий. 1980-аад онд АНУ-д явуулсан нэг судалгаа Америкийн африк гаралтай хүмүүст хөх толбо онцгой өндөр хувьтай байсныг харуулжээ. АНУ-ын томоохон эмнэлэгт мэндэлсэн 437 хүүхдийг судалж үзэхэд, Африк хүүхдүүдийн 96 хувь, Испани гаралтай хүүхдүүдийн 46 хувь, цагаан арьс хүүхдүүдийн 9.5 хувь нь хөх толботой төрсөн байв (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/7028354).
Тэгэхээр, шинжлэх ухааны наад захын баримт, мэдээ монголчуудтай төрөл садан үндэстэн, угсаатнууд, түүний дотор унгарчууд хөх толботой төрдөг гэсэн яриа ор үндэсгүй, худал болохыг харуулж байна. Хэрэв үндэстэн, угсаатны гарал, төрөл садныг “хөх толбо”-оор хөөж тогтоодог бол, 20 гаруй хувь нь хөх толботой унгарчууд, 80-90 гаруй хувь нь хөх толботой хятадууд бус, харин бараг бүгдээрээ хөх толботой төрдөг африкчууд л монголчуудын хамгийн ойрын садан төрөл болох юм.
Ер нь, шинжлэх ухаанд “Монгол” гэдгээр олигтой сайн үзэгдлийг нэрлээгүй ажээ. Юуны өмнө, “дауны синдром” буюу нэгэн төрлийн оюуны хомсдлыг “Монгол хүний өвчин” гэж албан ёсоор нэрлэдэг нь ихэд алдаршсан байна. “Монгол”-оор нэрлэсэн бас нэг үзэгдэл нь дээр өгүүлсэн “хөх толбо” юм. Энэ хоёр нэршил өнөөгийн Монгол үндэстний талаар ямагт худал хуурмаг ойлголтыг төрүүлдэг төдийгүй доромж утгыг ч илэрхийлж иржээ.
Харин, бүх шар арьстнуудад оноосон антропологийн “Монголойд” гэх гуравдахь нэршил нь доромж утгыг шууд илэрхийлдэггүй боловч, бүх Ази хүмүүсийн түүхэн эх орон, газар шороо бол Монгол Улс гэж ойлгуулах гээд байдаг юм. Гэвч, саяхан явуулсан нэгэн олон улсын судалгаа хятад, солонгос, япончуудыг оролцуулаад зүүн Азийн ард түмнүүд Төв Ази, Монголоос бус, харин Зүүн Өмнөд Ази буюу өнөөгийн Тайланд, Малайз, Индонези, Филиппинээс эрт цагт нүүдэллэн, өнөөгийн нутагтаа ирсэн болохыг баталсан гэнэ.
“Хөх толбо” гэх мэтийн хуурмаг итгэл үнэмшил болон “Алтай овгийн хэл” (http://gashuun.mn/304) зэрэг баталгаагүй таамгаар дамжуулан, өөртөө хамаатан садан, төрөл хайдаг өнөөгийн бидний энэ зан шинжлэх ухаанд итгэдэггүй, ухамсар мэдлэг тааруу хэрнээ, өөртөө итгэлгүй, үргэлж л бусдын өмөг түшгийг эрж, царайчилж яваа сул дорой үндэстний илрэл юм уу даа.
Ш.Т.Лантуу
Эх сурвалж Gashuun.mn
4 comments
Битгий ийм лантуу юм бич.
eo eo.ochij ochij haruudaas uu.yun muu zaya uil duudsan muuhai medee ve.oi gutchihlaa
Bid chin haruudaas garaltai yum baina. Hujaagaas deer bish uu. Hahaha.
gadniihan eldev busiin uwchinuu MONGOLTOI holboj nerlej bgaa n ali 800n jiliin omnoh os honzon gsn ug tiim oyunlag chadwarlag humuusiig gutaah doromjloh uguisgeh 1 helber