Сүүлийн 150 жилд дэлхийн өнгөн хөрсний 50 хувь нь алдагдсаныг Дэлхийн байгаль хамгаалах сан тогтоожээ. Харин хөрсний элэгдэл, хэт хуурайшилтаас болж сүүлийн 40 жилд газар тариалан эрхлэх боломжтой бүс нутгийн 30 хувь нь үржил шимгүй болсон гэнэ. Экологичдын анхааруулдгаар хөрсний элэгдэл нь өнөө цагт хүн амын хэт өсөлтийн дараа орох, дэлхий нийтийн өмнө тулгарсан экологийн хоёр дахь том хүндрэл болоод байна. Энэ гамшигтай тэмцэхээр олон улс нэгдэн нийлж, 2002 онд анх Олон улсын хөрсний өдрийг тэмдэглэжээ. Харин хөрс судлаач, байгаль хамгаалагчдын хичээл зүтгэлийн дүнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ныг албан ёсоор Дэлхийн хөрсний өдөр болгосон байна.
Энэ жил анх удаа тохиож буй уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь хөрс ашиглалтыг зохицуулах, энэ талаар сургалт, таниулга зохион байгуулах, хөрс судлалыг дэмжих, мэдээ мэдээлэл цуглуулах, хөрс шороог хайрлах, зүй зохистой ашиглах дадалд олон нийтийг сургах гэсэн үндсэн таван зорилготой гэж НҮБ-ын мэдэгдэлд дурдсан байдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард “Их найм”-ын орнуудын дунд болсон “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт чуулга уулзалтын хүрээнд “Ирээдүйдээ өвлүүлэх эрүүл хөрс” нэртэй хэлэлцүүлэг болсон нь хөрсний асуудлаарх анхны дээд хэмжээний форум байв. Уг форумын үеэр хөрсний элэгдлийг 2020 он гэхэд одоогийн түвшнээс бууруулахаар хөгжингүй орнууд болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк санал нэгдсэн. Үүгээр зогсохгүй энэ оныг Олон улсын хөрс хамгааллын жил болгон зарласан билээ. Энэ мэдээг талархан хүлээн авсан Хөрс судлалын олон улсын холбоо (IUSS)-ны мэдэгдэлд онцолсончлон атга шороог ч хайрлах учиртай цаг үе биднийг хүлээж байна.
Хөрсний нууц
- Дэлхийн хуурай гадаргын өнгөн сэвсгэр хэсгийг хөрс гэнэ. Хөрс нь чулуу болон амьтан, ургамлын ялзарч, өгөршсөн үлдэгдэл, бусад эрдэс бодисоос бүрдэнэ.
- Хөрсний 45 хувь нь эрдэс, 25 хувь нь ус, 25 хувь нь агаар, таван хувь нь бусад органик бодис байдаг. Энэхүү бүтэц хөрсний төрөл, тархцаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
- 10 тонн өнгөн хөрс буюу хөрсний гадаргууг нэг га газарт жигд тараавал зузаан нь ердөө хоёр мм байна.
- Хоёр см зузаан өнгөн хөрс бүрэлдэх байгалийн явц 500 жил үргэлждэг.
- Нэг га хөрснөөс нийт таван тонн жин татах амьд организмын амьдрал шалтгаалдаг.
- Чийгийн улаан өт хөрсийг эмчилдэг байгалийн гол “эмч”.
- Эрүүл хөрс тухайн газрыг үерээс хамгаалж, гүний усыг цэвэршүүлдэг. Элэгдэж, бохирдоогүй хөрсөнд нэг га тутамд дунджаар 3750 тонн цэвэр ус байх магадлалтай.
- Дэлхийн гадарга дээр хөрсний 10 мянга гаруй төрөл бий.
- Нүүрстөрөгчийн давхар ислийн 10 хувь нь хөрсөнд шингэдэг.