АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болон ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах талаар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Тэрбээр
“Шуудангаар санал хурааснаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болох юм. Ингэх нь АНУ-ын хувьд гутамшиг болно. Иргэд саналаа зөв, найдвартай, аюулгүй өгөх боломж бүрдэх хүртэл сонгуулийг хойшлуулах уу?” гэсэн байна.
Гэвч түүний санааг конгресс дахь Ардчилсан Намынхан төдийгүй Бүгд Найрамдахчууд тэр дор нь эсэргүүцжээ. Энэ талаар American Civil Liberties Union байгууллагын захирал Дэйл Хо “Энэ бол Америк. Бид дарангуйлагч дэглэмгүй, ардчилсан улс. Үндсэн хууль сонгууль арваннэгдүгээр сард болохыг товлосон. Ерөнхийлөгч Трамп үүнийг яаж ч өөрчилж чадахгүй” гэж мэдэгджээ.
Харвардын Их сургуулийн захиалгаар Херрисийн судалгааны алба ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг коронавирусийн цар тахлын улмаас шуудангаар авах тухай олон нийтийн дунд явуулсан асуулгаар судалгаанд орсон хүмүүсийн 70% дэмжсэн байна. Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 4.4 сая гаруй тохиолдол илэрч, 150.7 мянга гаруй хүн нас барсан байна. Хэдий цар тахлын нөхцөл хүнд байгаа ч сонгуулийг хойшлуулах боломж тун бага аж. Сонгуулийг хойшлуулахын тулд сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй болох бөгөөд тэрхүү өөрчлөлтийг Конгрессын хоёр танхим эхлээд батлах шаардлагатай юм байна.