Ч.Сайханбилэг: Н.Алтанхуяг хэдэн найзаа махны машинд хаяж өгч, махны машины эзэнг долоож байж л наранд явах визээ тодорхой нөхцөлтэй авсан төдий

2020-07-30 15:004min21
Saikhanbileg_1_l

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

АТГ-аас Оюу толгойн асуудлаар яллагдагчаар татан шалгагдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй ярилцлаа. Тэрээр мөрдөн шалгалтын явцад АНУ-ыг зорьж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Ийнхүү хилийн дээс алхсанаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.

-Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын үед та гадаад улсад амьдарч байна. Хэрхэн аж төрж байна вэ?

-Би 2001 оны террорист халдлагын үед АНУ-д сурч таарсан. 2020 оны цар тахлын үед бас таарлаа. Энд Монгол дахь нөхцөл байдлаас 180 хэм эсрэг нөхцөлд байна. Цар тахалтай зэрэгцэн оршиж, зэрэгцэн аж төрж байна даа. Энд эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд байдгаараа нээлттэй байхыг хичээж байна. Манайхан гаднаас халдвараа барьж чадсан юм чинь, уг нь дотроо эдийн засгаа, бизнесээ, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжвэл гэж бодох. Энд маск зүүх, эсэх нь яг манайхтай адил улстөржилтийн сэдэв нь болчихсон. Уг нь манайхан шиг бүгд л зүүчихвэл. Аль болох цөөхөн гарч орсон шиг л байж байна.

“Бөгжний хаан” киноны “Winter is coming” (Өвөл, хүйтэн айсуй) гэдэг шиг л намар, өвлөөс хоёр дахь давалгаа ирэх үед энд, бас эх оронд минь яана даа гэж санаа зовж л сууна.

-Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Монгол хүн байна даа, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгох гэж л үзэж байна. Гэхдээ ижил дасал болсон эх орон, элгэн садан, эрхэм нөхдөөсөө хол, хүний газар гүний нутагт удаан хугацаагаар байх ямар л олиг байх вэ дээ.

-Таны биеийн байдал ямар байна. Эрүүл мэндийн шалтгаан нууц байх нь ойлгомжтой. Гэхдээ ямар шалтгаанаар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Хүндэтгэх шалтгаанаа ард түмэндээ хэлж болох уу?

-Өө, эрүүл мэндийн байдлаа жаахан тодруулаад хэлэхээр зарим гаруудын амны зугаа, доромж болоод л дуусдаг юм байна лээ. Амны, ашдын билгээр сайн байна аа л гэе. Үхээсэй гээд байдаг хүмүүст намайг алчихгүй л бол үхэж одоохондоо та нарыг баярлуулж чадахгүй нь, уучлаарай л гэе дээ.

-С.Баярцогт, Б.Бямбасайхан гээд хоригдож байгаа хүмүүсийн өмгөөлөгчид ганц л зүйлийг ярих боллоо. Таныг Монголд шүүх хуралд оролцохгүйгээр Дубайн гэрээний асуудлыг шийдэх боломжгүй. Та ирэхгүй байгаа нь хамтран зүтгэгчид чинь халтай болж байгаа мэтээр тайлбарлах юм.

-Дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ганцхан зүйл яриагүй л дээ. Нэлээд хууль зөрчигдсөн, хууль буруу хэрэглэсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд алдаа гарсан, хараат бус шүүх байж чадаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан гээд олон зүйлийг ярьж байгаа. Намайг оролцуулахгүйгээр шийдэх боломжгүй байсан бол буцаагаад дахин шалгуулахгүй харин яагаад шоронд цөлж байгаа юм.

-Таныг ирэхгүй болохоор энэ олон хүмүүсийг золиосонд явуулчихаж байгаа юм биш үү?

-Хэний золиосонд гэж. Минийх үү, Баттулгынх уу. Шулуухан хэлэхэд, ирэх жил Үндсэн хуулийн нэмэлт хууль зөрчиж Баттулга Ерөнхийлөгчид дэвших үед хийж гийгүүлсэн нэг ч ажил өнгөрсөн дөрвөн жилд байхгүй болохоор зүгээр хариуцлага нэхэж, шударга ёс тогтоож байгаа мэтээр олны сэтгэлд таалагдах гэж хувийн хонжоо хайж, сонгуулийн пиарын золиосонд энэ олон хүнийг явуулж байгаа юм. Олон “акул” хорилоо гэж хэлж байгаа нь одоо надтай өрсөлдөх хүчтэй хүн үлдээгүй ээ л гэж байгаа нь тэр.

-Угтаа Н.Алтанхуяг таныг дуудаж авчраад Ерөнхий сайд болгосон гэх зүйл яригддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг нэг хүн уулзаад л, дуудаад л авдаг юм биш. Энэ албыг хэн ч чамд май гэж авчирч өгдөггүй юм. Өөрөө, багаараа тэмцэж өрсөлдөж олж авдаг юм. Би АН-ын улс төрийн дээд байгууллага ҮЗХ-ны 400 гаруй гишүүнд хийх ажлын зорилт, төлөвлөгөө, арга зам, хөтөлбөрөө танилцуулж, Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж байж олонхын саналаар дэмжигдэж Ерөнхий сайдын албанд томилогдож байсан. Энэ албыг Монгол Улсын шинэ үеийн түүхийн өнгөрсөн 110 жилийн хугацаанд гучхан аавын хүү л хаших боломж тохиолоо. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хичээж ажилласан байх.

-Тэгвэл та юу хийж чадсан бэ. Таны үлдээсэн өв юу байв?

-Манай эдийн засаг ойлгоход их энгийн. Эдийн үнэ унахад хямардаг, түүхий эдийн үнэ өсөхөд найрладаг. Миний үед үнэ нь огцом унасан хямралын үнэ таарсан ч УИХ, Засгийн газар, Монголбанктай хамтарч олон талт арга хэмжээ авснаар эдийн засгаа агшаагаагүй, өсөлтийг нь нэмэх хувь дээр хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгой төслийг зөвхөн ил уурхайн хэмжээнд нь 30, 40-хөн жил ажиллуулаад зогсоох байсныг нөөцийнх нь 80 хувь байдаг далд уурхайг хөдөлгөж Оюу толгойг 100 жил ашиглахаар болгож, Монголын эдийн засагт 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж чадсанаараа бахархдаг. 2009 оны гэрээгээр зөвхөн ил уурхайгаас Монгол Улс зургаан тэрбум ам.доллар олох байсныг 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр зөвхөн татвараар 46 тэрбум доллар олохоор болгож чадсан. Улсдаа авчирсан өөр нэг өв бол харь улсад байсан өнөөдөртөө Оюу толгойтой зэрэгцэхүйц Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирч чадсан. Өөрийнхөө эдгээр legacy буюу өв, үр дүнг Төрийн ордонд байх хөргөндөө ч оруулж дүрслүүлсэн. Өнөөдөр зарим хүмүүс Монголдоо ашигтай энэ ажлуудыг албаар мушгидаг ч түүх, цаг хугацаа, үр ач нартаа зүй ёсоор үнэлэгдэнэ гэдэгт би ердөө ч эргэлздэггүй.

-Та интерполын улаан, цагаан хуудас гэж захидалдаа дурдсан байсан. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гадны өмгөөлөгчийн товчооноос үйлчилгээ авсан нь ямар учиртай вэ?

-Эмчилгээгээ дуусангуут очно оо гээд байхад миний өмнөөс яг тэдэнд ирнэ гэж хуурамч мэдээлэл эхлээд тараасан. Тэр хугацаа нь өнгөрмөгц надгүйгээр шүүх хурлаа шинэ жилийн өглөө хийгээд л таслан сэргийлэх арга хэмжээ авснаа Интерполд хандаад унасан. Миний өнгө зүс, өмссөн зүүснээр цоллоод эхэлсэн учраас эндээс хуулийн хамгаалалт авахаас өөр аргагүй байдалд оруулсан. Энэ хугацаанд элдэв өвчнөөр даапааллаа, их мөнгөөр хуульчид хөлсөлсөн гэж гүтгэлээ, эцэст нь эх орноо сольсон болгож доромжиллоо. Гэхдээ тун удахгүй намайг биш Баттулгыг интерпол эрж хайх өдөр ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй дээ. Удахгүй манай хуульчид миний энэ бүх хилс асуудлаар олон улсад “Цагаан ном” гаргах гэж байгаа.

-Яг үнэндээ улс төрийн шалтгаантай холбогдож байгаа хүмүүс баривчлагдахгүй байх нь чухал юм шиг. Х.Баттулга ерөнхийлөгч болж, Н.Алтанхуяг гишүүн болсноор улс төрийн шалтгаанаар баригдаж хоригдохоос холдож чадав уу ч гэж харах өнцөг байна. Харин ч та АНУ-руу явсан нь зөв шийдвэр болж дээ, янз нь.

-Уг нь би АНУ-руу баригдаж хоригдохоос биш, биеэ эмчлүүлэх гэж л явсан ухаантай. Ар араасаа өрнөсөн олон үйл явдал өнөөдрийн нөхцөлийг бий болгоод байна. Энэ бол манайд “Rule of law” буюу хуульд захирагдах ёс алга болж байгааг л харуулж байгаа юм. Баттулга Ерөнхийлөгч болоод Төмөр замын хэргээ хүчингүй болгуулсан нь үнэн. Н.Алтанхуяг гишүүн болсноор ч хамгаалагдаж байгаа юм биш. Ж.Эрдэнэбатыг хар л даа. Гишүүнээр сонгогдсон ч ачигдаж байгаа биз. Чиний үлдэх, ачигдах эсэх нь зүгээр л махны машины аль талд нь зогсож байгаагаас хамаардаг юм. Н.Алтанхуяг хэдэн найзаа махны машинд хаяж өгч, махны машины эзэнг долоож байж л наранд явах визээ тодорхой нөхцөлтэй авсан төдий.

-Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт гээд бүгд л шоронгийн хаалга татах боллоо. Энэ тухай ямар бодолтой байна вэ?

-Дээхнэ үед казино, С.Зоригийн аллага гэж сүртэй эхлүүлээд гурван гишүүнийг бэлгэнд бүс авснаар буруутгаж дууссан шиг ОТ, ТТ, терроризм гэж сүржин эхлээд юу болгож дампууруулав. С.Баярыг, нас биенд хүрсэн охин нь аавыгаа Ерөнхий сайд болохоос өмнө тусдаа хийж байсан бизнесээр нь яллалаа. Үндсэн хуульд гэр бүлийн гишүүнийхээ өмнөөс ял үүрэх байтугай, мэдүүлэг өгөхгүй байх ч эрхийг тунхагласан улс шүү дээ. Оюу толгойтой хайгуулийн үеэс нь хамтарч ажилласан компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг нь гэмт хэрэг гэж үзлээ. С.Баярцогтыг 2009 онд хийсэн үйлдэлд нь 2015 оны хуулиар, 2001 оны хуультай төсөөтэй хэрэглэж ял оноолоо. Бүгд Эрүүгийн хуульд хориотой зүйлүүд. Ядаж байхад бүх зүйл ангийг нэмсэн хугацаа нь тухайн зүйлийн хамгийн их хугацаанаас (энэ нь 5 жил) илүү гаргаж хорих ял оноож болохгүй гэдэг Эрүүгийн хуулийн зарчмыг хүртэл зөрчиж С.Баярцогтыг “Туг” болгон 10 жил оноолоо. Ж.Эрдэнэбат бол зүгээр л нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр гардаг шиг “Гөлгөө яасныг санаж байгаа биз дээ” гэж М.Энхболдод хэлж байгаа мессэж. Дуугүй, чимээгүй байхгүй бол юу ч хамаагүй тохно шүү гэсэн дохио. М.Энхсайханыг террорист гэхэд арай л чангадах гээд байсан тул тэрэг, машин төдийгөөр шалтаг гаргалаа. Хэн ч гэсэн долоон жилийн дараах хуучирсан үеийнх нь үнээр өнөөдөр шинэ машин авмаар л байгаа шүү дээ. Харин өнөөдрийн үнээр нь авбал долоон жилийн дараа гэмт хэрэгтэн болно шүү гэсэн утга. Дээрх үндэслэлүүдийг сонссон гадны хүмүүс, хуульчид та онигоо яриад байгаа юм уу гээд ойлгохгүй, хэцүү юм. Бидний бодит байдал, эрх чөлөөний үнэ цэнэ ийм л онигооны үнэтэй болж хувирч байна. Яах уу, таминь ээ.

-Та намынхантайгаа холбоотой байгаа юу?

-Мэдээ, мэдээлэл байнга л авч байгаа.

-Өнгөрсөн хугацаанд одоо хоригдоод байгаа бусадтайгаа холбоо харилцаатай байсан уу. Монголдоо ирэхээсээ эмээж байгаа зүйл бий юү. Таныг хорьж байцаах нь тодорхой харагдаж байгаа шүү дээ…

-Заримтай нь холбогдохыг шүүхийн шийдвэрээр хорьчихсон байсан болохоор холбоо авсангүй. Хориглоогүй бусадтай нь холбоотой байсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэхэд нөлөөлчих вий гээд их л удаан нам жим байлаа. Бүгдээрээ ар араасаа ачигдаж байна. Одоо энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй бол өөр хэн ч дуугарах юм. Эх орондоо ирэхээс эмээдэг хүн гэж хэн байхав. Харин хэлэх ярих, хийх хэрэгжүүлэх зүйлсээ дуусгаж амжихгүй бол гэдгээс л эмээж байна.

-Та хэзээ Монголдоо ирэх бодолтой байна. Таныг командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ гэх мэтээр шүүмжилж байна лээ.

-А.Дюмагийн хэлдэг шиг “Итгэ, найд, хүлээ” гэдэг үгийг хүн эцсийн мөч хүртлээ боддог юм шиг. Хуульд захирагдах байх, хараат бус шүүгч үлдсэн байх гэж найдсаар алхаа тогшуулсан болохоор би С.Баяр даргыг тэгж хэлэхэд нь дотор нь орсон юм шиг л мэдэрч байсан. Магадгүй би байсан бол бас л тэгж хэлэх байх. Гэхдээ өнөөдөр ид бяр чадал нь орсон Баттулгад Монгол байтугай, дэлхий бага санагдаж байгаа биз. Голын нэг эрэгт хашиж байгаад юу дуртайгаа хийнэ, хэн дуртайгаа айлгана гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч голд бас нөгөө эрэг гэж бий. Нөгөө эрэг дээр Баттулгад таалагдахгүй олон юм бий. Үгэнд нь ордоггүй, хууль харж шийддэг хараат бус шүүгч нар, хүний эрх, эрх чөлөөг үнэлдэг нийгэм, хэн дуртайгаа шүүмжлэх эрх, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх мэтчилэн. Би Баттулгад чи бүгдийг нь хорьж гүйцэхгүй, бүгдийг нь хашиж байгаад хонь шиг номхон гаргах боломжгүй, бүгдийнх нь дууг дарж чадахгүй, чамаас илүү хүчтэй шударга ёс, чиний троллуудаас илүү чанга дуу хоолой байдаг гэдгийг голын нөгөө эргээс мэдрүүлэх ёстой. Би Баттулгыг буусан өдөр очно. Баттулгын даалгаварт захирагддаг бус Монголын хуульд захирагддаг болсон цагт очно.

-Та захидалдаа Ерөнхийлөгч Х.Баттулга руу нэлээд хатуу үгнүүд дайсан байна лээ. Та гэж дуудаж чадахгүй нь ч гэсэн байсан. “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга гэсэн. Ингэж үзэх болсон шалтгаан юу юм бэ. Бас таныг энэ үгнүүдээ нийтлэлч Цэнддоо, Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор бичүүлчихэв үү гэж хардах хүмүүс ч байна…

-Толгой нийтлэлч нартай холбогдож хардуулсандаа харин ч өөрийгөө овоо тоолоо. Би ямар ч албан тушаал дээр байхдаа улс төрийн гол илтгэл, хэлэх үгнүүдээ зөвхөн өөрөө л бэлддэг байсан. Тархи толгойгүй амьтан шиг нэр нүүрээ бусдад ашиглуулна гэж юу байхав. Улс төрийн тогоон дотор 30-аад жил чанагдлаа. Шийдвэр хаана яаж гараад хэнээр дамжаад хэн гүйцэтгэж байгааг ялгахтайгаа болсон. Монголд гурван хүн байтугай, хоёр хүний хоорондох нууц ч тэсдэггүй гэмтэй. Монголд төрийн “Зөөлөн” эргэлт хийгээд дуртай шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг өөрийнхөө Тамгын газрын ажилтан шигээ дуудах, загнах, дарамтлах, даалгавар өгөх, халах, солих эрхтэй болчихсон хүнийг та яагаад харин ганц Маэстро болчихсон гэдэгт нь эргэлзээд байгаа юм бэ. Ийм зарчимгүй, хараа хяналтгүй диктатур Ардчилсан Үндсэн хуулийн доорх Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй. Их хэлмэгдлийн он жилүүд болох 1930-аад ондоо монголчуудыгаа буцаан аваачиж байна. Одоо удахгүй улстөрчдөө намнаад дуусна. Араас нь Баттулгын хүрээллийн бус толгой бизнес захирлуудыг цавчиж эхэлнэ. Тэр Талх чихэр, гурил будаа үйлдвэрлэж, буудал, амралтын газар ажиллуулах бутархай мөнгө л юм байна, банк, уул уурхай гэдэг бүхэл дэвсгэртүүд юм байна гээд л бусдын бизнесийг дээрэмдэнэ. Тусгайгийн хүчийг ашиглан, хөөрсөн сайд урд нь алхуулан эхний уурхайгаа дээрэмдэх хээрийн сургуулиа хийчихсэн. Хүмүүс алгаа ташсаар л байх болно. Иргэний нийгмийн идэвхтэй гишүүд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү дарамтаа эхлүүлчихсэн. Харин дараа нь хүмүүс рүү ороход Монгол Улсад маань гон хийх хүн олдохгүй дээ. Сая ганцхан сарын дотор бүх шатны шүүх, прокурор ид амарч байдаг зуны амралтын үед нь 21 хүнийг дээд тал нь 10 жилээр тасалж шоронд илгээлээ. Монголд Төрийн “зөөлөн” эргэлт гарлаа. Улаанбаатарт Хунтын дэглэм тогтлоо гэдгийг удахгүй бүх дэлхий ойлгоно.

-Ерөнхийлөгч хэлмэгдүүлээд байгаа бус хариуцлага тооцоод байгаа юм биш үү?

-Тэгээсэй гэж хүссэн хүмүүсийн хүлээлт дээр тэс өөр тоглолт хийж байгаа юм биш үү. Чи хэзээ Ерөнхийлөгчийн амнаас авлигатай ингэж тэмцэнэ, ийм арга хэрэглэнэ, тогтолцоо зарчим ингэж өөрчилнө гэсэн бодлогын, төрийн тэргүүнийх шиг үг сонссон юм. Хариуцлага тооцно л гэх юм. Хувийн өшөө хонзонгоо л хөөцөлдөхөөс өөр юу хийж байна. Монгол хүн илүү шуналтайдаа синга, норвеги, швед хүнээс илүү авлига аваад байна уу. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүнээс хамаарахгүй дараагийн авлигач залгаад л байх болно. Эхлээд Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улстөрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя. Ямар ч албан тушаалтнуудыг хуулийн хүмүүстэй харьцах, нөлөөлөхийг бүхий л хэлбэрээр хориглоё. Дараагаар нь бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн, бэлэн бус мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авлига авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авлига нэхсэн албан тушаалтныг хэн ч дуу, дүрс авах эрхийг нь хуульчилья. Авлига өгсөнд биш, авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе. Ингэж бодлого, зорилгоо тунхаглаад хийх юм бол чи асуулт шигээ итгээрэй.

-Төрийн тэргүүнийг хойд хөршийн даалгавраар ажиллаж байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Даалгавар авч байгаа эсэхийг өөрөөс нь асуухгүй юу. Харин урьд нь Оросод ажиллаж байсан монгол хүн хуучин Орос андтайгаа Улаанбаатарт санамсаргүй таарахад нь бид нар одоо танай Ерөнхийлөгчид зөвлөхөөр энд түр ирээд байна гэж хэлсэн гэсэн. ШХАБ-д элсэх эхний алхмууд чимээгүй хийгдээд л байгаа. Сая сонгуулийн чимээнд дарагдуулан сонгуулийн өмнөхөн Засгийн газар энэ байгууллагад элсэхэд саад болох Төвийг сахих бодлогоосоо Монгол Улсыг татгалзуулсан шийдвэр гаргаад амжлаа.

-Таныг гурван зүйлээр буруутгаж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгойг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ гэх. Таныг буруутгах үндэслэл нь хэр бодитой юм бэ?

-Энэ асуудлууд дээр гэмт хэрэг гээд хэлчихээр нэг ч зүйл байхгүй. Бүгд цэвэр улс төр явагдаж байгаа бөгөөд шүүх, хуулийн байгууллагыг зүгээр л зэвсэг болгон ашиглаж байгаа.

Эрдэнэтийн 49 хувь буюу шинжээчдийн үнэлгээгээр 4,5 их наяд төгрөгийн баялгийг харь улсаас Монголд буцаан авчрах бодлогын, улс төрийн шийдвэр гаргасан нь үнэн. Оросууд манай Засгийн газрыг оролцуулаад ХХБ биш л бол ямар ч гурав дахь этгээдэд зарахгүй гэсэн нь бас үнэн. Их хурал, ядаж холбогдох Байнгын хороог хуралдуулаад өгөөч гэж З.Энхболд руу утасдаж хүссэн нь (гэрч ч байгаа. Харин З.Энхболд “Би үхэхээр чи үх” гэдэг шиг худлаа мэлзээд байгаа болохоос) бас үнэн. Их хурал хуралдах боломжгүй учраас УИХ-д дараа нь оруул гэдэг Засгийн газрын хуралдааны шийдвэр гаргасан нь ч бас үнэн. Уг нь Эрдэнэтийн 49 хувийн асуудал ойлгоход ийм энгийн. Гэмт хэргийн үнэр ч байхгүй зүйл. Аливаа бизнес хэлцэл гэдэг бол өгөө, авааны нийлбэр үр дүн юм. Авсан бүх юмандаа хэзээ ч талархлаа гэхгүй, харин өгсөн юм болгоноо гэмт хэрэг гэж үзнэ. Ийм бизнес гэж байх уу.

Дубайн Төлөвлөгөөнд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг давж тохирсон нэг ч асуудал байхгүй. Бүх татвар, орлогоо яс тооцоод төслийн үр өгөөжөөс Монгол 53 хувь, Рио 47 хувь авнаа гэдгээ баталгаажуулж тооцоогоо мөргүүлсэн. Энэ тооцоог бид ч биш олон улсын нэр хүндтэй Comprador, Shearman Sterling гэдэг хоёр байгууллагаар бид хөлсөлж хийлгүүлсэн. Хэрвээ аль нэг татварыг бид илүү авъя гэх юм бол өөр нэг орлого дээрээ буцааж өгч байж 53:47-гоо мөргүүлэх учиртай. Ийм энгийн зүйлийг ойлгоогүй байж манай хэдэд ял өгчихсөн. Татварын шинжээчээр насаараа татварт ажилласан, Оюу толгойн төслийг үздэггүй байнга шүүмжилж явдаг Энхтуяа гэх эмэгтэйг албаар томилсон. За тэр хувийн үзэл бодол нь ч дүүрч. Татварын алба бол аль болох их татвар хураахаа л бодно. Нэг талын сонирхолтой ийм этгээдээр шинжээч хийлгээд нөгөөдөх нь бүх “Мөрөөдлийн жагсаалтаа” оруулсан дүгнэлт дээр нь шүүх, прокурор бүгд нэгдчихээр яаж шударга шийдвэр гарах вэ дээ. Ийм болохоор Монгол Улс олон улсын Арбитр дээр байнга ялагдана. Уг нь бол Засгийн газар, Рио Тинто хоёр тохироод олон улсын, хөндлөнгийн гуравдагч этгээдээр тооцоогоо дахин шалгуулах хэрэгтэй.

-Дубайн гэрээ өнөөдөр ямар явж байна гэж та харж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад танаас бусад нь ял сонсчихлоо. Энэ бүхэн зорилготой байдаг юм уу. Ингэж таараад байдаг юм уу. Огт буруугүй байсан бол яагаад ял өгнө гэж?

-Дубайн Төлөвлөгөө хэрэгжээд явж байгаа. Ямар байгааг нь та бид харж байна. Гадны бүх хөрөнгө оруулалт зогсохоор ямар хэцүү байдгийг бид 2013-2016 онуудад харсан. Оюу толгой далд уурхай Дубайн Төлөвлөгөөгөөр эхэлж жил бүр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өгсөн болохоор эрх баригч 65 хүнд ямар ч асуудалгүй дөрвөн жил сайхан популизм хийх боломж өгсөн. Яг үнэндээ алт, зэс, нүүрсний үнэ өсч таараад, Оюу толгойн шинэ бүтээн байгуулалт давхцаж, ОУВС-гийн мөнгөөр төсвийн алдагдлаа багасгаж эдийн засгийн хямралаас гарсан болохоос биш юуг ч бодлогоор өөрчлөөгүй. Бодлого өөрчлөгдөөгүй учраас сонгуулийн жил дахиад л хонины найр хийгээд одоо төсвийн алдагдал энэ жилийнх гурван их наяд төгрөг буюу нэг тэрбум ам.доллар болоод байна. Манай улс дахиад нэг тэрбум ам.долларын өртэй боллоо гэсэн үг. 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд дээр яаж алалцаж улс төр хийдэг билээ, бид. Нэгхэн жилийн төсвөөрөө бараг нэг Чингис бонд үрж байгаа хуучин 65, шинэ 62 гишүүн таг чиг байгаа биз. Тэгж яривал муулаад байгаа Оюутолгой төсөл зээл төлбөрөө толгой өвтгөхгүй өөрөө төлчихнө. Одоо нийтдээ арав дөхсөн тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт, зээл хийсэн. Үүнээс 34 хувийг бид хариуцна. Гэхдээ төслөөс зөвхөн татвараар 46 тэрбум ам.доллар Монголд ирэх учраас олон улсын 14 банк, институци бидэнд хөрөнгө босгож өгсөн. Харин Засгийн газрын хариуцах эргэж төлөгдөх эх үүсвэргүй бусад зээлээ ерөөсөө ярьдаггүй, сонгуультай жил бүр, бусад үед хоёр жил тутам бараг Чингис бонд шиг төсвийн алдагдал дандаа баталж өрөө нэмж байгаагаа ярьдаггүй хүмүүс дээ, бид.

-Дубайн гэрээг хэнтэй зөвлөж ярьсан бэ. Тухайн үед та ганцаараа бие даан шийдвэр гаргаагүй нь тодорхой. Тухайн үеийн Төрийн гурван өндөрлөг болох З.Энхболд, Ц.Элбэгдорж нар заавал үүнд холбогдох ёстой юм биш үү. ҮАБЗ-ийн гишүүд байсан энэ хүмүүс дуугарахгүй юм байх даа?

-Урьдах Засгийн газрууд байтугай УИХ-аас ч илүү шийдвэрээ зөвлөсөн. Нэн шинэ түүхэнд анх удаа шууд Ардчиллыг гар утасны мессэж ашиглан хэрэгжүүлсэн. Сонгуулийн насны хүмүүсийн 1/3 буюу 360 мянган хүний олонх нь Засгийн газрыг Оюу толгой төслөө явуулахыг дэмжсэн. УИХ хоёр удаа Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх хугацаатай даалгаврыг Засгийн газарт тогтоолоороо өгсөн. Засгийн газар хоёр ч удаа хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргасан. Тухайн үеийн УИХ дахь нам бүлгийн удирдлагуудад танилцуулсан. Төлөвлөгөө зурагдсаны дараа УИХ-д дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн. Бүх гишүүд асуулт асууж, хариулт авсан. Намар нь нэр бүхий гишүүдийн Асуулганд хариулсан. Өвөл нь Оюу толгой асуудлаар Засгийн газарт Итгэл хүлээлгэх санал хураалтад олонхоороо Засгийн газраа дэмжсэн. УИХ Дубайн төлөвлөгөөг зурагдсаны дараа өөрчлөх, нэмэх, хүчингүй болгох бүх боломж нь байсан байгаа биз. Гэхдээ Засгийн газраа зөв гэж үзсэн байгаа биз. Өнөөдөр зүгээр л улс төр хийж байгаа юм. З.Энхболд УИХ-ын дарга байсны хувьд тухайн үедээ дэмжиж зөндөө ярилцлага өгч, байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан хүн. Өнөөдөр даалгаврыг нь биелүүлсэн Б.Бямбасайхан, Д.Ганболдын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа биз. Ийм л бие нь ч, хүн чанар нь ч, бүх юм нь жижиг хүн дээ.

-Зарим хүмүүс шинэ хонгил гараад ирлээ гэж ярих болж. Хонгил гэж ер нь байсан юм уу?

-Одоо уг нь манай Н.Алтанхуяг самбарынхаа өмнө гарч ирээд л зарим хүмүүсийн зургийг солиод л өөрийнхөө, бас “Эзэн”-ийхээ зургийг оруулаад л жинхэнээсээ хонгил үүслээ гээд яримаар л байгаа юм. Хэрвээ Монголоо гэж боддог, зарчим, үнэт зүйл, зүрх зориг байдаг бол. Гэхдээ зориг нь хүрэхгүй л дээ. Хуучин УИХ бол ямар ч Ерөнхийлөгчийн хувьд халуухан л газар байлаа. Муулаад байдаг Ц.Элбэгдорж руу хүртэл чуулган дээр гишүүд яаж дайрч, яаж маргалддаг байлаа. Одоо наад гишүүд чинь Баттулгын нүүр рүү нь эгц харж чадаж байгаа юм уу. Ёстой нөгөө С.Эрдэнийн хэлдгээр бүгд гөлөг болцгоосон байгаа биз дээ. Баттулга хуулийн дагуу нэг удаа УИХ дээр жилийн ажлын тайлангаа тавьж байх ёстой. Сонгогдоод эхний жилдээ л тайлангаа тавьсан. Дараагийн хоёр жил таг. Нэхэж шаардаж байгаа УИХ-ын гишүүн биш юм аа гэхэд ганц иргэн байна уу. Ард түмэн хэрвээ Ерөнхийлөгч хууль зөрчвөл Ерөнхийлөгчийг импичмэнт дангаараа хийж чадах эрхийг хоёр дараалан МАН-д олголоо. Ерөнхийлөгч нь хууль байтугай, Үндсэн хууль ч нэг бус удаа зөрчих юм. Наадах хэд нь сонгуулиар “Хүчээ нэгтгэе” гэж баахан орилсон. Нийлэхээрээ нам ч юм уу, үгүй ч юм уу, нэг хүнд гүйж очоод л дөрлүүлчих юм.

-Дарангуйлал руу алхаж байна гэж хэлэх гээд байна уу?

-Би одоо сүүлд гарсан Пулицерийн шагналт Анэ Эйплбаумын “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш” (Twilight of Democracy: The seduc­tive lure of Authoritarian­ism) номыг уншиж байна. Бидний яг одоо туулж байгаа амьдралыг дэлхийн олон орны жишээ, түүх дээр үндэслэн нүдэнд харагдтал бичжээ. Дарангуйлагчид, үндсэрхэг үзэлтнүүд XXI зуунд хэрхэн хуйвалдааны онол, улс төрийн талцал, хуваагдал, сошиал суваг, өнгөрсөн нийгмийг санагалзах эргэн дурсахуйг хүртэл ашиглан Ардчиллыг бүдэгрүүлж нийгмийг өөрчлөн, эрх мэдэлдээ бүгдийг хумьж байгааг харуулжээ. МАНАН мафи, бүлэглэлүүд, шударга бусын хонгилууд гээд тоочвол бидний зохиосон, итгэсэн сүржин, сүртэй хардлага сэрдлэг, хуйвалдааны онол, зохиол тоогоо алдлаа. Баттулгын “ачаар” бид урьд нь хэзээ ч байгаагүй хуваагдал, талцалд орлоо. Энэ хуваагдал улс төр, улс төрийн намаас хальж хот хөдөө, орк элит, эр эм, хөгшин залуу, баян ядуу, бүүр өнгөрсөн нийгмээ үгүйлэх хүртэл бүх сэдвийг хамрах боллоо. Баттулгын зохион байгуулалттай троллууд энэ талцал, хуваагдлыг бүр дэвэргэж бүүр үзэн ядалтын түвшинд аваачлаа. Энэ үзэн ядалтын дайнаа телевиз радио, сонин хэвлэлээс хальж сошиал сувгаар хүн бүрт дайж чадлаа. Одоо энэ үзэн ядалтыг ашиглан атгандаа бүрэн оруулсан хууль хяналтын байгууллагаар дамжуулан өөрийн өрсөлдөгчдөө намнах аргаар тэднийг олон түмэнд шохоорхом өгөөш болгон өгч олны сэтгэл санааг урхидах ажлаа эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхний үр дүнд эцэст нь нам төрийг хослуулсан шинэ эзэн, хэмжээлшгүй эрхэт дарангуйлагч болох хүслээ гүйцэтгүүлэхийг тэсч ядан хүлээж байна. Гэхдээ би өөдрөг л дөө. 200 жил Манжийн, 70 жил Оросын дарангуйлалд байсан монголчууд маань сүүлийн 30 жилийн туршид унаж босон, алдаж онон эрх, эрх чөлөө, бие даасан байдлаа эдэлж, хөгжиж урагшилж байгаа ололт амжилтаа дарангуйлалд шунасан нэг нөхрийн гуравхан жилийн хорлон сүйтгэлд тавиад туучихгүй гэдэгт, монгол түмний маань голч суурь, егзөр зан, цөлх ухаан эцэстээ ялна гэдэгт итгэж байна.

21 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2020-07-30 16:50 at 16:50

    Сайханбилэг бол цэргүүдээ хаяад зугтаасан аймхай гөлөг.дайсны талд орсон гэсэн үг.Баттулга биш юма гэхэд чамаас өөр эх оронч аавын хүү энэ болгоныг хийнэ.чи амархан дээшээ гарсан шигээ бүх юмыг амархан гээд андуурсан бна.царай муутай авгайгаа алмазтай хамт авчир…та 2 г ямар бсныг мэднэ шүү.

    Хариулах

    • Зочин

      2020-07-30 23:47 at 23:47

      Ёстой үнэн.Эднийг биш намайг гээд ирчих Эрийн шийр байхгүйгээс хойш олон юм хуцаад байлгүй НААНАА КОВИД гээд сууж бай новшоо!!

      Хариулах

  • irgen,

    2020-07-30 16:54 at 16:54

    amia bodson aimhaa chin …tegeed chi metiin gemt heregtengyydiig hamgaalah estoi umuu…..ta nar bie biee hamgaalj Mongoliin horongo , hogjiloos 30 jil hoish tataj hulgailsan, hudlaa yariad baihaar ireech tiim zever um bol heregt orohgui shdee !!!!

    Хариулах

  • Зочин

    2020-07-30 18:50 at 18:50

    Сайханбилэг авилгал байдгийг батлан хэлжээ.Системийн өөрчлөлт хийхгүй бол байсаар байна гэж.Өөрөө нөхдөө хаяж зугтааж яваа байж бас өөрчлөлт ярина гэж юу вэ?.Тийм гэм зэмгүй бол нуугдаж бултаж явах ямар хэрэгтэй гэж ирээд л шалгуулчих хэрэгтэй ш дээ.Аймхай хулчгар юм.Ардчилагчид нэртэй та нар хагартлаа баяжаад гэдсэндээ хөлөө жийлцээд байсны гор энэ сонгуулиар гарлаа даа.Нүдний булайнууд ,та нарт хичнээн итгэл өглөө.Одоо байж байгаагаа сайн хар.Ичихгүй Баяр дарга гэчихжээ.Хам хэрэгтэнгүүд.

    Хариулах

  • Зочин

    2020-07-30 21:28 at 21:28

    Энэ нөхөрийн аманд багтсан төр байхад , даналзаад байхаас өөр яах вэ?

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 03:22 at 03:22

    Хамгийн муу ерөнхий сайд.Өөрөө тэгвэл Монголд ирчихвэл яасын.Хүүхэд байхдаа Залгамжлагч 5-р чуулганд хамт оролцож байлаа.Бидний үеийн төлөөлөл улс төрд ороход дэмжиж л байлаа.Гэхдээ одоо таны өмнөөс ичиж байна.Нэг үкийнх л дээ.Сайд байсныг чинь бодоод та гэлээ…

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 04:31 at 04:31

    Хулгайч хулгайчаа хамгаалсан юм ярьжээ С Баярын охидууд яг өөрсдийн бизнесээр сая сая $ хаусны бизнесс хийж харагдаач Эх орноо зарсан урвагч аа

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 06:59 at 06:59

    Нээх цагаан тагтаа шиг юм ярихын новшнууд тэр чигээрээ далдар. Монгол орон өөрөө их баялагтай тэртээ тэргүй ард түмэн энэ зүйлийг хийх байсан. Газараа ухахгүй байх ноос ноолуур мал аж ахуй хөгжүүлэх тухай бол чиний толгой түй ч хүрэхгүй ш дээ.новш.

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 08:28 at 08:28

    Монголдоо ирээд ил тэмцэж чадахгүй, гадаадад нуугдаж амиа хоохойлчихоод олон юм хуцаад байх аймхай гөлөг.

    Хариулах

  • зочин

    2020-07-31 08:34 at 08:34

    Энэ нэг ацыг гавлаад аваад ирдэггүйн байх даа .Ямар олон юм гуцдаг гөлөг вэ

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 08:47 at 08:47

    Энэ нөхөр монгол хүнийг тэнэг гээд бодчихсон солиотой солиотой юм яриад харин өөрөө эрүүлүү Олон улсын арбитрын шүүхээр монголыг ялагдуулах гэж хурцтай нийлж Э, Зориг гэдэг залууг дарамталсан нь баримтаар байгаа шүү дээ ганцхан үүгээр нь яллахад 15 жил бусад 49% дубайн гэрээ гээд эрүүл хүн ийм юм ярьж тэнэгдэхүү сайханбилэгээ чи наад мэдрэлээ үзүүл үхсний махны машин таануус хэсэг бүлгээрээ нийлж эх орныхоо эрх ашгыг уландаа гишгсэн нь худлаа юу яаж ч тооцоод ард түмэн хохирч өрөнд баригдаж байна харин таануус цүдийтэл баяжиж язартлаа таргалж байна хэрэв махны машин ажилж байна гэж үзэж байгаа бол бүгдийг нь өчиггүй буудана харин чмг аяийг чинь харж аятайхан байлгаж байгаад баярал чи бас гонжийчоод дүлзэн маягын дурак байншүү

    Хариулах

    • Зочин

      2020-07-31 09:38 at 09:38

      Женокийн троллууд мундаг бна шүү

      Хариулах

  • Лхагвадорж

    2020-07-31 09:41 at 09:41

    хилийн цаанаас ард түмнээ доромжилж хуцаад байгаа новшийг барьж авчраад ялынь эдлүүлээч

    Хариулах

  • АРД

    2020-07-31 09:53 at 09:53

    Тиймээ чиний бодсоноор үнэн ялдаг юм бол чи айлгүй Монголд ирээд үнэн гэж юу байдагыг харуулаад өг тэгэж чадахгүй юм байна гэвэл чи адгын шаар байсан нь тодорхой болно эх орноосоо зугтааж амьдрах тийм ч сайхан биш л байх шүү.

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 10:17 at 10:17

    Уншихаас ой гутмаар ард түмнийг тэнэг гэж бодоод бна уу хэдэн халтар доллороос эх орон ард олныхоо эрх ашигийг худалдсан урвагч хулгайч ичээч маш муухай амьдарлаа чи муу мөнгөтэй байх сайхан байх эх оронгүй байх ямар бна эх орноо худалдсан адгийн муу урвагч хулгайчаа 1 намын гэсэн бүр энийг өмөөрөх ёстой юм уу

    Хариулах

  • Zail survaljlagch

    2020-07-31 14:28 at 14:28

    Ene survaljlagch yuu hutsaad bgn sanhuugee yaaj bn daa ch gh shig nuguudhon 2 idehgui hooson honohgui ee ch gj bh shig tawilttai shaagad bhiin sda nar chin. Ochnooon heden zuun sayiin dollarin hadgalamjtai hunees tgj asuuj edr tawlaad bgaarai llruudaa barij awaad zvgeer shorond n hataa pizdaaag.

    Хариулах

  • Үнэн

    2020-07-31 15:27 at 15:27

    Бусдын бизнесийг Элбэгдорж, Сайханбилгийн үеээс дээрэмдэж эхэлсэн дээ..Харин Алтанхуяг тэгээгүй юм шүү. Чи бол жинхэнэ дээрэмчин. Элбэгдорж чамд команд өгхөд л чи хэн дуртайгаа зуудаг байсан банхар нохой ш дээ. Хүний мөнгөөр хувьдаа үйлдвэр худалдан авдаг хэн бэ муу гөлөг. Монголд ирэхээр чинь чамайг шамбалын оронд үнэгүй зорчуулнаа. Амлая .

    Хариулах

  • Зочин

    2020-07-31 22:49 at 22:49

    Deedes ner hundedsen doodsoos doloon dor doldoi olshroh tsag dor: ungu mungund huurtaj, ungursun odoog hutgaj, uuh ch bish bulchirhai ch bish bolood dashii shog oo

    Хариулах

  • Тэнэг новшид

    2020-08-01 07:50 at 07:50

    Чи хол явахгүй ээ монголчууд тэнэг биш шүү эр хүн юм бол ирж асуудлаа шийд болохгүй бол чамайг байтугай аваад ирэх чадал бгаа байхаа зүгээрл хүлээцтэй хандаж бга шүү

    Хариулах

  • Зочин

    2020-08-01 21:18 at 21:18

    энэ новшийг их орноосоо уравсанийн төлөө хүн яавуулаж цаазал

    Хариулах

  • Ард

    2020-08-02 01:55 at 01:55

    Маш том гэмт хэрэгтэн. Мөнгө байна. Хамсаатан хамгаалагчид одоохондоо байна. Заль байна. Бас их айж байна. Мултарч үлдэх хүлээлт байна.
    Өвчин хэлж баашлах.уснаас хуурай гарах арга ядаж байна.
    Шударга ёс тогтоож байгаа ерөнхийлөгч.ерөнхий сайд шударга ёс шаардаж дэмжиж байгаа ард иргэдийг басамжилж байна.
    Их ном уншдаг судалдаг гадаад хэл сайтай болж харагдаж байна.
    Эх ороноо
    боддог. Эх орондоо хайртай их юм хийчихсэн юм гэнэ.
    “Адгийн шаарууд үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт эх опронсог болдог гэдэг”

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй