Н.ДАЯН
Зуны аагим өдрүүдэд хүүхэд, хөгшид нарших явдал их тохиолддог. Тиймээс иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга, сувилахуйн ухааны магистр Д.Мажигсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.
Зуны улиралд амралт зугаалга ихэсдэг учир гадаа удаан явсанаас наршиж дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх шинж тэмдэг илэрч халуурах, гүйлгэх гэсэн хордлогын шинж тэмдэг илэрнэ. Гадаа удаан явсан хэн ч наранд цохиулж болно. Үүний дотор эрсдэлт бүлгийнхэн илүү өртөмтгий байдаг. Тодруулбал, 1-10 насныхан, 45-аас дээш насныхан, гадаа удаан хугацаагаар ажил хийдэг хүмүүс, бодисын солилцооны өөрчлөлттэй буюу сахарын ихдэлттэй, хэт тарган, артерийн даралт ихтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртдөг байна.
Хүүхэд гэлтгүй том хүн наршсан тохиолдолд хамгийн түрүүнд сэрүүн газарт оруулж, тухайн хүнийхээ хувцсыг нимгэлээд хүйтэн жин тавих ёстой. Мөн шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Шингэн юм хэтэрхий их уулгавал огиулж, бөөлжиж хордлого нь улам хүндрэх тохиолдол байдаг. Шингэн уулгах хэмжээ гэж бий. 1-3 насны хүүхэд 30 минутад 30-60 мл, 3-7 насны хүүхэд 60-100 мл, 7-15 насны хүүхэд 100-200 мл, 15-аас дээш буюу насанд хүрэгчид 200 мл шингэн уух хэрэгтэй. Энэ шингэн юу байх нь хамаагүй. Давс, чихэр багатай зүйл байвал зохимжтой. Хярам, цай, буцалсан ус, энергийн ундаанууд, нохойн хошууны жүүс, вакус байвал зүгээр. Ууж хэрэглэж байгаа шингэнээ бүлээхэн байлгаарай. Жин тавьж биенийхээ халууныг буулгах, бөөлжиж байгаа бол хорсол ууж эмнэлгийн байгуулагад хандах хэрэгтэй.
Нарны хэт ягаан туяа 11:00-16:00 цагийн хооронд их байдаг. Тиймээс нярай, бага насны хүүхэд, настай хүмүүсийн салхилах зохимжтой цаг нь 09:00-11:00, 16:00 цагаас хойш байдаг. Салхилаад суух үедээ орчноо чийгшүүлэх хэрэгтэй. Ингэснээр наранд цохиулах, хэт их халахаас сэргийлдэг. Хурц нартай үед даралт ихтэй өндөр настан, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх, цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уулгах, цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсгөх, хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх, бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх, хүйтэн ус, шүршүүрт ороорой.
Наршилтын үед эмнэлэгт яаралтай хандах, сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх, нойтон алчуур толгойд нь тавих, массаж, иллэг хийж цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх, хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим гэсэн том судастай газар буюу арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих, бүлээн шингэн чихэртэй ус, цэвэр ус уулгах, ажил амралтын дэглэмээ зохицуулах хэрэгтэй. Харин ахмад настай хүмүүсийн артерийн даралт ихсэх, зүрх өвдөх эрсдэлтэй. Тиймээс даралтаа хянаад тогтмол даралтны эм уух хэрэгтэй байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.7.30 ПҮРЭВ № 145 (6370)