Гол усанд осолдсон иргэдийн тоо 2020 он гарснаас хойш өнөөдрийг хүрэхэд 20 хүрчээ. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.
Завьт эргүүлийнхэн 36 цагийн хугацаанд 54 км-т хяналт тавин ажиллаж байна. Эргүүлүүд шаардлага хангахгүй завь, хийлдэг гудас зэргийг ашигласан тохиолдолд хураан авах арга хэмжээ авдаг аж.
Нэг завьт эргүүл ЭМЯ, цагдаа, аврагч ахлагч гээд доод тал нь 7 хүний бүрэлдэхүүнтэй явдаг байна. Тэд 6 сарын 10-наас хойш 267 иргэний амь насыг авран хамгаалж, өдөрт 500 гаруй хүнд ослын сэрэмжлүүлэг зөвөлгөө мэдээлэл хүргэж ажилласан байна.
Мөн өглөө 9 цагаас эхлээд 21 цаг хүртэл ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Иймд иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд чанарын шаардлагад нийцэхгүй завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна.
Санамсаргүйгээр завь хагарах, хөмрөх тохиолдолд эцэг эхчүүд гол дагаж хоосон гүйхээс өөр хийж чадах зүйл байдаггүй. Тиймээс анхнаасаа болгоомжтой байх ёстой гэдгийг аврагчид хэлж байна. Мөн голын урсгал ус, тогтоол ус, нуур, бассейн нь хоорондоо маш их ялгаатайг тодотголоо. Учир нь бассейн, нуур зэрэгт хийлдэг завь хэрэглэхэд эрсдэл бага байдаг. Харин сүүлийн үед бороо хур ихтэй, үертэй байгаа учир усны урсгал ширүүсч хийлдэг завь, гудас гэх мэтийг хөмрөх эрдсэлтэй болохыг аврагчид анхааруулж байна.