Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийн амь насыг галын аюулд өртөх эрсдэлээс аварлаа. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ.
Тэднийг албан үүргээ гүйцэтгэж явах үеэр Согоотын … тоотод айлын хашаа шатаж байсан аж. Цагдаагийн албан хаагчдыг очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашааг шатаах дөхсөн байна. Мөн хашаанд гурван автомашин байсан бөгөөд галтүймэр газар авсан бол илүү их эрсдэл дагуулах байсан гэнэ.
Цагдаа нар гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулах үед онцгой байдлынхан ирж, галыг бүрэн унтраасан байна.
Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр, төртэй биелүүлж бяцхан үрсийн амь нас, бусдын эд хөрөнгийг үрэгдэх аюулаас аварсан алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Эх сурвалж: ЦЕГ