“Street dreams” шоуны ялагч реппер Orice буюу М.Алтан-Оргил таван давхраас учир битүүлгээр унасны улмаас өнгөрсөн даваа гарагт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Хэргийн талаар түүний аав Х.Мөнхцогттой ярилцлаа.
-Талийгаач эцэг, эхээс хэдүүлээ байсан бэ?
-Голомтоо сахих айлын ганц хүү байлаа. Дөрвөн эгчтэй, айлын бага хүүхэд. Түүнийг маань бурхан “Сайн сайхан ааш зан, авьяас чадвар нь хөгжчихлөө” гээд биднээс аваад явчихлаа. Миний хүү надаар ч буруу үг хэлүүлдэггүй, өөрөө ч хэлдэггүй хүмүүжилтэй хүүхэд байсан. Тамхи татдаггүй, архи уудаггүй. Цэцэрлэгээсээ эхлээд л манлайлагч хүүхэд байлаа. Дунд сургуульд ч их, дээд сургуульд үргэлж урлаг спортоороо манлайлдаг байсан.
Хүний ганц сор болсон үр минь байлаа. Бид хүүгийнхээ 49 хоногийг өнгөртөл мэдээлэл өгөхгүй гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр (уржигдар) ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү гэж хүн мэдээлэл хийсэн байна. Тэрбээр миний хүүг “Гадны нөлөөгүй нас барсан. Хүмүүст зодуулсан гэдэг нь худлаа” гэсэн буруу ташаа мэдээлэл өгсөн байна. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлт ирэх баасан гарагт гарах юм. Гэтэл тэр хүн урьдчилсан дүгнэлт ч гараагүй байхад миний хүүг гаднын нөлөөгүй гээд олон нийтэд зарлачихлаа. Үүнд л бид гайхаж, гомдох зэрэгцээд шүдээ тас зуугаад мэдээлэл өгөөд сууж байна.
-Цагдаагийн байгууллагаас та нар руу хэзээ ярьсан юм бэ?
-Бид хоёр руу долдугаар сарын 27-ны өглөө цагдаагаас залгаад “Гэмтлийн эмнэлэг дээр ир” гэхээр нь очиход миний хүү ухаангүй байсан. Очоод хүүгээ ухаан ортол хүлээсэн. Ухаан орчих байх гэж найдаж байлаа. Цагдаагаас “Танай хүүхэд нэг охинтой хамт байсан. Тэгээд ааваас нь айгаад цагаан даавуу залгаж таван давхрын цонхоор буух гэж байгаад унасан” гэж бидэнд хэлсэн. Бид тийм л юм байна гэж ойлгосон. Цагдаа нар ч тэгж ойлгосон байж магадгүй. Бид ч миний хүүхэд ингээд үсэрчихдэг юм байх даа гээд гайхаад өнгөрсөн.
Маргааш нь цагдаа нар “Бид хэргийн газрын үзлэгээ хийчихсэн” гэхэд нь дутуу юм үлдээчих вий гэж хэлэхэд “Бид ажлаа мэдэж байна” гэсэн. Харин бидэн рүү нэг хүн яриад “Танай хүүгээс өргөдөл ирсэн байна. Та хүрээд ирэхгүй юү” гэж утсаар хэллээ. Миний хүү эмнэлэгт очихоосоо өмнө цагдаа нарын хэлээд байгаа найз охин гэх эмэгтэйгийн аавд зодуулж, гомдол бичээд, “хүзүүгээ хөдөлгөж болохгүй байна, IPhone 6 plus утсыг маань дээрэмдсэн” гээд өргөдөл өгөхөд нь Шүүхийн шинжилгээний дүнгээ авчир” гэж явуулсан байгаа юм. Миний хүү хүнд зодуулж, аюултай байдалд байгаагаа цагдаа нарт өргөдлөөр тодорхой хэлээд, тусламж гуйж байхад яагаад тэд тэр айл руу нь очоод шалгаж болоогүй юм бэ. Цагдаагийн байцаагч надад хэлэхдээ хэсгийн байцаагч дуудаад очсон, эсвэл 102-ын дуудлагаар очсон” гэсэн зөрүүтэй мэдээлэл хэлээд байгаа.
-ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Хүний амь хохирсон хэрэг БГД-ийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч нэг залууг олуулаа нийлж зодоод амийг нь хохироосон гэх мэдээлэл худлаа” гэсэн байсан. Мөн зарим хэвлэлээр найз охиныхоосоо гарах гэж байгаад унасан гэсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юү?
-Бид найз охиныг нь таньдаг, мэддэг. Манайхаар орж гардаг нэг жаахан бор охин бий. Гэтэл хэргийн газарт нэг танихгүй охин найз охин нь болоод гараад ирчихсэн. Хэрэг үүсээд намайг дуудахад танихгүй охин “Би найз охин нь” гээд зогсож байсан. Би тэр охины эцэг миний хүүг алсан гэж ойлгож байгаа. Миний хүү зодуулсан хүнийхээ гэрт ороод, таван давхраас нь унасан юм билээ. Гэхдээ яг унасан уу, түлхсэн үү гэдгийг бид мэдэхгүй.
Хар ухаанаар бодоход, миний хүү зодуулсан хүнийхээ гэрт очсон байхад цагдаа нар зөвхөн таван давхараас унасан тухай нь яриад, өмнө нь зодуулсан тухай өргөдлийг нь ярихгүй байгаад би эмзэглэж байна. Биднийг тэр тухай ярихаар “Наадах чинь холбоогүй хэрэг” гэж байна лээ. Б.Баатархүү бол “Гаднын нөлөөгүй” гэж хэлсэн. Гэтэл би дотроо хамгийн их гаднын нөлөөтэй гэж бодож байна. Миний хүү аавдаа өргөдөл бичиж үлдээсэн нь хамгийн үнэ цэнтэй зүйл боллоо. Тэгээгүй бол зодсон хүн нь хэрэгт холбогдолгүй өнгөрөх байлаа.
-ГССҮТ-д та хоёрыг очиход хүү тань ямар байдалтай байсан бэ. Ил харагдах шарах, сорви байсан уу?
-Ухаан орохгүй байсаар байгаад хүү маань амьсгал хураасан. Ганц ч үг сольж чадаагүй. Ядаж миний хүү ганц үг хэлээсэй гээд зөндөө залбирсан. Хүүгийнхээ хажуунаас ганц ч алхам холдоогүй. Биднийг очиход хүүгийн маань хоолой хүнд боолгоод улайчихсан, цээж, гар хэсэгт нь хөхөрчихсөн байсан.
-Хэрэг болохоос өмнө хэзээ хамгийн сүүлд та хүүтэйгээ уулзсан бэ?
-Ер нь хоёр хоног уулзаагүй шүү. Өөрийнхөө, бидний мэддэг найз охиныд байсан. Хүүхдүүдийн хоорондын асуудал болохоор бид хэзээ тэднийг хамгийн сүүлд ярьсныг мэдэхгүй. Харин охин руу “Хайр аа би гэрээс чинь гараад явж байна шүү” гэж бичсэн байгаа юм. Тэгээд тэрнээс хойш ганц ч яриагүй гэсэн. Найз охин нь оройжин, шөнөжин залгасан гэсэн. Утас нь нэг холбогдоод, нэг унтраад байсан болохоос ганц ч удаа утсаа аваагүй юм билээ. Хэдийгээр миний хүү найз охинтойгоо үерхээд удаж байгаа ч гэсэн цаг нь болоогүй байсан болохоор энэ хоёр маань хүүхэдтэй болж амжаагүй байсан. Хэрэв ядаж өөрийнхөө оронд хүн үлдээгээд явсан болж надад хэчнээн сайхан байх сан гэж санана.
-Ажил явдал нь баасан гарагт болох юм байна. Та хүүгийнхээ тухай яриач?
-Эвлэрч чадахгүй үнэнтэй ах нь нүүр тулчихлаа. Хүүгээ шөнө ороод ирэх болов уу гээд эхнэрээсээ нууцаар гэрийнхээ хаалгыг сахиж, хөлийн чимээ чагнаж байна. Нүдээ анихаар л миний хүү хаалганы түлхүүр аяархан мушгиад, ороод ирж байна гэж харагдаад унтаж хүртэл чадахгүй байна. Зовлон зовлонгийн дээд чинь үр хүүхдээ алдах байдаг юм байна. Өдий олон жил наслахдаа ийм муухай зовлон үзнэ гэж зүүдэлж ч байгаагүй. Миний хүү ямар мундаг мөрөөдөгч, мөрөөдлийнхөө араас зүтгэдэг байсан гэж санана. Сүүлд “Streem dream” шоунд ялагч болж ирчихээд “Аав аа, ээж ээ, эгч ээ би чадсан шүү.
Та нар намайг үзээрэй” гээд хачин жаргалтай байсан. Тэмцээндээ ялаад, дуу гаргаж байсан юм билээ. Энэ талаар бидэнд хүү маань хэлээгүй. Зөвхөн “хоолой бичүүлнэ” гээд л студи рүүгээ явдаг байсан. Харин өнөөдөр (өчигдөр) дуучин Gee ирээд “Таны хүү шинээр гаргаж байгаа дуугаа аав, ээждээ хамгийн түрүүнд сонсгоно гэдэг байсан. Дуу нь бэлэн болсон. Ажил явдал нь өнгөрөөд, 49 хоногийнх нь дараа би та хоёрт хүүгийн тань дуулсан дууг сонсгоно оо. Та хоёр үнэхээр бурхан шиг хүүтэй байсан шүү. Даанч харамсалтай нь, дэндүү богинохон амьдраад буцлаа” гээд уйлж байна лээ. Тийм, миний хүү үнэхээр аав, ээждээ ирсэн бурхны бэлэг байсан юм. Миний хүү аав, ээждээ гэнэтийн бэлэг барих гээд ямар их хүлээж байсан бол гэхээс зүрх зүсэгдэж байна.
-Таны хүүгийн мөрөөдөл алдартай реппер болох байсан уу?
-Миний хүүд чадахгүй, мэдэхгүй зүйл гэж байхгүй. Хар багын л дуулж, үглэж, дуулах дууныхаа үгийг өөрөө хүртэл бичдэг хүү байлаа. Миний хүү Шихихутаг сургуулийн хуулийн ангид суралцдаг. Энэ жил II дамжаанд суралцах байсан юм. Хүүгийн маань мөрөөдөл сайн хуульч болох. Дээрээс нь, өөрийнхөө багахан авьяасаа хөгжүүлж, тодорхой хэмжээнд амжилт гаргах мөрөөдөлтэй байсан. Гэхдээ энэ зөвхөн бидний мэдэж байгаа хоёр том мөрөөдөл нь болохоос төгсөшгүй мөрөөдөгч, тэмцэгч байлаа.
-Цагдаагийн газраас ар гэрийнхэнд нь “Хэргийн газраас ийм тийм эд зүйлс хурааж авлаа” гэж харуулсан зүйл байгаа юу. Тухайлбал, “Энэ танай хүүгийн цонхоор буухдаа хэрэглэсэн цагаан хэрэгсэл” ч гэдэг юм уу?
-Үгүй, магадгүй үзүүлэх шаардлагагүй ч байдаг байж болно. Бид хэргийн газарт очиж үзээгүй. Харин хүүгийн ангийнхан нь болон манай ах, дүү очиж үзсэн. Тэднийг очиход хэрэг болсон газрын хажуугийн модон дээр миний хүүг зодож, үхэлд хүргэсэн, өөрөөр хэлбэл, миний хүүгийн цонхоор нь унасан гээд байгаа айлын эзний утас олдсон байна лээ. Хүүхдүүд утсыг нь олоод цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа юм. Тухайн байрынх нь орцны үүдэнд их хэмжээний цус асгарсан байна гэсэн. Тэгэхээр миний хүүг зодож тамласан нь үнэн байгаа юм.
Мөн цагдаагийн газраас “Бид хэргийн газарт үзлэг хийсэн” гээд биднийг халгаахгүй байхад хүүхдүүд бүхэл бүтэн зодсон хүнийх нь гар утсыг олсон байгаа шүү дээ. Хүмүүс миний хүүгийн талаар ташаа мэдээлэл түгээсэн. Ямар зорилготой гэдгийг нь би сайн ойлгохгүй байна. Би ганц хүүгийнхээ амиа алдсан хэргийн үнэн мөнийг олтол, эцсийг нь хүртэл явна. Би ганц хүүгээ алдсан хүн юунаасаа ч айх билээ. Гэхдээ би хэнийг ч гүтгэхгүй. Миний бодож байгаагаар нэг хүн байгаа. Үүнийг цагдаа нар мэдэж байгаа гэж бодож байна. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдэгдэлд маш их харамсаж байна. Миний хүүг зодсон хүн нь байгаа. Зодсон хүнийх нь гэрийн цонхоор үсэрчихсэн байхад найз охиныхоо гэрээс үсэрсэн гэж байгаа юм.
Найз охин нь мөн гэдгийг хэн нотолсон юм. Гэрчүүд нь үнэн зөв мэдээлэл өгч байгааг хэн ч мэдэхгүй. Надад баримттай зүйл үзүүлээгүй. Өөрөө үсэрснийг нь батлах бичлэг, зураг байвал би итгэнэ.
-Цагдаа нар танд гэрч байгаа гэж хэлсэн гэл үү?
-Гэрч байгаа гэсэн. Бид уулзаагүй. Бидний ойлгосноор миний хүүг үхэлд хүргэсэн хүний охин гэрч нь юм уу даа. Сонин байгаа биз дээ. Хүүг маань аав нь зодож, дарамталсан байхад охин нь гэрч болно гэдэг…
2 comments
zagdaagiinhan um l bol hudlaa dygnelt hiij , hereg shiideegui baihad gadnii noloogui ene ter gej yaridag medeeldeg er ni yamar uchirtai um be…heregtengyydiin tald l uilchilj baina gesen yg shyydee !!! tiim bis bol ajlaa hiij medehgui baina gej oilgoh uu???
Heden tsaas harhara hunee baichdag , ajil uurgee umartdag iim l nowshnud ih bh shig bna