Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 айлын 100-гаад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг аж.
Энэхүү яс сөнөрөх өвчин зонхилон гарч байгаа Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумдад судалгаа хийж үзэхэд зарим төрлийн ургамал огт ургахгүй болж, ашиг шимт байдал, агуулагдах эрдэс бодис нь алдагдаж багассан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Малчдын дунд бэлчээр сэлгэх ойлголт мартагдаад удаж байгаа. Нөгөөтэйгүүр малын тоо толгой эрс нэмэгдэх болсон зэрэг хүний буруу аж байдалтай шууд холбоотой гэдгийг мэргэжилтэн тодотгож байна. Баянтүмэн сумын бэлчээрийн даац, талхлалтад судалгаа хийх ажлыг эхлүүлжээ.