Энэтхэгийн Мумбайд гялгар уут, хоолой, аяга, сав суулга, ерөнхийдөө бидний өдөр тутамдаа хэрэглэсээр байгаад байхгүй бол төсөөлөгдөхгүй болсон зүйлсийг хэрэглэхийг хоригложээ. Шинэ хуулиар тогтоосон хоригийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, бүр шоронд ч оруулж болзошгүй.
Өдгөө энэ хотоор хянагчид явж, нутгийн иргэд, бизнесийн төлөөлөгчид дунд хууль зөрчиж байгаа эсэхийг хянах юм байна. Энэ асуудлаар McDonald’s, Starbucks зэрэг байгууллагууд аль хэдийнэ торгуулсан гэнэ. Торгуулийн хэмжээ нь эхний удаад 5000-25000 рупий. Харин давтан үйлдвэл шоронд хийнэ.
“Энэ бол байгаль орчны бохирдлын асуудлаа шийдэх гайхалтай шийдэл. Гэхдээ хүмүүст асар их хүндрэл учруулж байна. Энд хүмүүс бүгд л гялгар тор барьдаг” хэмээн Мумбай хотын иргэн Камлаш Мохан Чаудхари ярьжээ.
Өдгөө хүмүүс зотон даавуун тор барьж, махны худалдаачид махаа гялгар уутанд биш, сонинд боож өгч байна.
Энэтхэг улс саяхан Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг тэмдэглэсэн. Энэ өдөр хуванцар хаягдлын асуудалд гол анхаарлаа хандуулжээ. 1950-иад оноос хойш байгаль дээр 6,3 тэрбум орчим тонн хуванцар хаясан байна. Эдгээр хаягдлын олонх нь 450 жилийн турш байгаль дээр задрахгүй үлдэнэ. Дэлхийн нийт хуванцрын тал хувийг сүүлийн 13 жилийн дотор үйлдвэрлэсэн бөгөөд үүний тал хувь нь сав суулга, аяга, соруул гэх мэт нэг удаагийн хэрэглэл байжээ.
Энэтхэгт нэг хүн жилд 11 килограмм хуванцар хаядаг бол АНУ-д энэ үзүүлэлт 109 кг байдаг.
Мумбайд гялгар уутыг хориглосноор иргэд дургүйцэж эхэлсэн байна. Учир нь саяхны нэгэн бороонд энэтхэгчүүдийн даавуун тор норж, доторх зүйлс нь хэрэглэхийн аргагүй болжээ.
Эх сурвалж: bigpicture.ru