Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран үерт өртсөн 5 өрхөд гэрийг нь хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргээс энэ жил орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, хариу авах арга хэмжээг эрчимжүүлж, үерийн далан хамгаалалт хийх, суваг шуудуу гаргах, хуучныг сэргээн засах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол шуурхай хийхийн зэрэгцээ үер, усны гамшгаас болж хохирсон айл өрхийн судалгааг гаргаж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.
Хурлын шийдвэрээр орон гэр нь үерт өртөж, эргэж сэргээн засах боломжгүй, зайлшгүй тусламж шаардлагатай 5 өрхөд гэр олгохоор болсон. Өнөөдөр энэхүү 5 өрхөд гэрийг гардуулна гэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.