Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатын 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 1 хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон билээ.
Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн юм.
Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна.
Иргэд өөрийнхөө хэрэглээнд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болох бөгөөд хэрэв 25 кг-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэж үздэг аж. Улмаар дамлан худалдаж ашиг олсон тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг хурааж авдаг байна. Цаашлаад Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 3,000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгодог аж.
Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн 1 нэгж 2000 төгрөгтэй тэнцэх учир ААН-ыг 3,000 нэгж буюу 6 сая төгрөг, иргэнийг 300 нэгж буюу 600 мянган төгрөгөөр торгоно.