Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон юм. Улмаар Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдож, Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч Л.Баасанжав, О.Сайнгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралд ирээгүй, шүүхээс яллагдагч Б.Ундармааг өмгөөлүүлэх эрхээр хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлосон.
Тэгвэл шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч долоодугаар сарын 31-ны 12:00 цаг хүртэл хойшилжээ. Б.Ундармаа өмнөх 2 өмгөөлөгч нараас татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан. Уг өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна.