Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар болон Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрын танилцуулгуудыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн газар, Тэрэлж-цэвдэг судлалын харуулын шинжилгээний ажиглалтын талбай, хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн төлөв байдлын явуулын судалгаа шинжилгээний ажиглалтын талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.