ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхий дахинаа 15,349,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 629,000 хүн эндсэн бол 8.4 сая хүн эдгэрчээ. 24 цагийн хугацаанд 247,000 хүн халдвар авч, 7,000 хүн нас барлаа.
Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хуучин хэв маягаараа амьдарч болохгүйг дэлхий дахинаа халдварын түвшин ямар байгаагаас харж болохоор байна.
Австралийн судлаачид даавуун амны хаалтыг хоёр давхарлан хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд мэс заслын амны хаалт хамгийн найдвартайг судалгааны үр дүнд мэдээллээ.
БНХАУ-ын эмийн компани энэ оны төгсгөл гэхэд коронавируст халдварын эсрэг вакциныг үйлдвэрлэж эхлэх боломжтойг мэдээлсэн.
Манай улсын хувьд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, 633 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр 2,668 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 41 хүн эмчлүүлж байгаагийн 4 нь эрчимт эмчилгээний тасагт эмчилүүлж байгаа” гэв.