Охин дүүгээ нохойн халдлагаас хамгаалсан зургаан настай Брижер Уолкер хүү WBC холбооны аваргын бүс зүүлээ. Тус байгууллагаас ийнхүү хүүгийн эр зоригтой үйлдлийг алдаршуулахыг хүссэн байна. Нохой хүүг маш ихээр урж, нүүрэндээ олон оёдол тавиулсан юм.
“WBC-гийн дэлхийн шинэ аварга Брижер “Дэлхийн хамгийн зоригтой хүн” Уолкер” хэмээн WBC-гээс мэдэгджээ.
Америкийн Вайоминг мужид амьдардаг энэ хүү энэ сарын 9-нд охин дүүгээ нохойн халдлагаас хамгаалж, өөрөө хүнд шархадсан тухай авга эгч Ники Уолкер нь мэдээлжээ.
Урдаг нохой дүү рүү нь дайрах гэж байгааг харсан хүү өөрийн биеэр дүүгээ хамгаалсан байна. Нохой Брижерийн нүүр, толгойг нь хэд хэдэн удаа урсан ч хүү дүүгээ гараараа хамгаалсаар аюулгүй газарт аваачжээ. “Хэрвээ хэн нэгэн үхэх ёстой юм бол тэр нь би гэж бодсон” хэмээн хүү сүүлд нь ярьсан аж.
Уолкер хүүд 90 оёдол тавьсан бөгөөд уруул, зүүн хацар, зүүн нүд нь гэмтжээ.
Авга эгчийнх нь тавьсан пост хэдэн сая лайк цуглуулж, Брижер хүү од болжээ. Ахмад Америкт тоглосон жүжигчин Крис Эванс хүүд киноны зураг авалтад хэрэглэж байсан бамбайгаа явуулж, “Найз минь, чи бол баатар. Чиний хийсэн бүхэн маш зоримог, өрөвч энэрэнгүй үйлдэл. Чиний охин дүү чам шиг ийм ахтай нь маш азтай хэрэг юм. Эцэг эх чинь ч чамаар маш их бахархаж байгаа нь гарцаагүй” хэмээжээ.
Халкийн дүрд тоглосон Майк Руффало ч “Бусдын сайн сайхныг нэгдүгээрт тавьдаг хүмүүс хамгийн баатарлаг, миний мэддэг бусдаас илүү халамжтай байдаг. Би чамайг маш их хүндэтгэж, чиний эр зориг, зүрхээр бахархаж байна” гэжээ.
Брижер өдгөө гэртээ байгаа бөгөөд инээмсэглэж чадахгүй ч биеийн байдал нь сайн байна. Хүүгийн гэр бүл санхүүгийн хандив тусламж өгөх гэсэн хүмүүст хандаж, энэ мөнгийг сайн үйлсийн санд хандивлахыг хүссэн байна.