ДЭМБ-аас бага насны хүүхдээр дамжиж хүн амын дунд халдвар тархах магадлал байгааг анхаарууллаа
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 15.1 сая хүн өвчилж, 622мянган хүн нас баржээ. 4-5 хоногт дэлхийн дахинд нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна. Өнөөдрийн байдлаар 9.2 сая хүн эдгэрч, 5.3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 202 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна.
АНУ-ын Вашингтоны их сургуулиас АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл ирэх арваннэгдүгээр сар гэхэд нас баралтыг 5000-аар бууруулах магадлалтай гэсэн тооцооллыг хийжээ. Ер нь сургуулийн үйл ажиллагааг нээхэд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал асуудал. Үүнийг улс орнууд анхаарах ёстой гэжээ.
ДЭМБ-аас халдвар бага насны хүүхдээр дамжиж хүн амын дунд тархах магадлал өндөр болоод байгаа энэ үед сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхдээ халдвар хамгааллын дэглэмийн онцгойлон баримтлан хэрэгтэйг анхааруулжээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 5862 хүн шинээр халдвар авч, өвчлөл буурсан таатай мэдээтэй байна.
Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 19-38 тохиолдлоор нэмэгдсэн нь өвчлөл буурах хандлагатай байна.
Манай улсын хувьд өчигдөр 23 хүн ажиглалтад шинээр орж, 52 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2958 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Үүнд, 1-5 насны 227 хүүхэд, 123жирэмсэн эмэгтэй, 333 архаг хууч өвчтэй хүн ажиглах байранд байгаа. Эдгээр иргэдэд 43 их эмч 85 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 68 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 4 хүний биеийн байдал хүнд байна.
Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 11 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагт 119 дугаарт 147 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас Чех, Япон, АНУ, БНСУ-аас 4 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан“ гэв.