УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Х.Нямбаатар багтсан нь нийгмийн сэтгэлзүйн хүлээлтийг хангаж чадаагүй шийдвэр байв. Тиймээс ч хүмүүс хамгийн идэвхтэй байдаг фэйсбүүк, твиттер хуудсандаа Хууль зүйн сайдтай холбоотой сэтгэл дундуур байгаа байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Хууль зүйн сайд Х.Нямбаатарын салбарын агентлагуудынхаа бие бүрэлдэхүүнтэй хийх уулзалт үргэлжилж байна. Өчигдөр түүний хийсэн уулзалттай холбоотой нэгэн бичлэг, зураг сошиалд тарж, олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Уг үйл явдалтай холбоотойгоор БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн байр суурийг фэйсбүүк хуудсандаа ийнхүү илэрхийлсэн байна. Тэрбээр “ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙГААСАЙ…
Цагдаагийн газрын дарга нар У.Хүрэлсүх шиг Х.Нямбаатарт ёслоод рапорт өгөх гээд байдаг. (Нямбаатар Хүрэлсүхэд бол ёслох битгий хэл мөргөөд сайд болсон байж таарна) Хууль зүйн сайд Х.Нямбаатар өмднийхөө хармаанд гараа шаан утсаар яриад л. Тэнд жагссан албан хаагчид сайдыгаа утсаар ярьж дуусахыг хүлээгээд байх нь харагдана. Шинэ сайд тэр албан хаагч нарыг тоож байгаа шинж алга. Уг нь Х.Нямбаатар машиндаа утсаа үлдээгээд рапорт хүлээн авах ёстой. Ийм ёс зүйгүй сайдаа Хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас уучлалт гуйлгахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардах хэрэгтэй. Төр нь төр шиг байхгүй бол ард түмний тэр их итгэл найдвар хүндэтгэл хөргөгчгүй зайрмаг шиг хайлчихна даа. Төр гэдэг нь амьтай, сэтгэлтэй байж түмэн олноо дагуулдаг болохоос дарга далдгаруудыг хэлдэггүй юм” гэжээ.