Зуны дэлгэр цаг ирж, хүн бүр үр хүүхэдтэйгээ хамт гэр бүлээрээ аялж, зугаалж байна. Энэ нь нэг талаараа гэр бүл нэгдэж, цагийг хамтдаа өнгөрөөж буй сайн талтай ч нөгөө талаар томчуудын хайхрамжгүй хайнга байдлаас үүдэн хүүхэд осолдох, бэртэж гэмтэх тэр ч бүү хэл амиа алдах зэрэг харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Иймд амралт зугаалгын энэ үед эцэг эхчүүд, насанд хүрэгчид үр хүүхдээ хэрхэн хамгаалах, хөгжүүлэх талаар бяцхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эцэг эхчүүдэд хандан хүргэж байна.
ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭЛТ:
Зам зуур өнгөрөх машин бүрт бага насны хүүхдүүд нээлттэй цонхоор толгойгоо, зарим нь цээжээ гаргаж жолоо барьж буй хүн машин гүйцэж түрүүлэх бүрт гараа гозолзуулж, баярлан даллах дүр зураг түгээмэл харагдаж байна. Гэтэл энэ нь хүүхдийн амь насанд маш аюултай үйлдэл бөгөөд хүүхэд арын суудалд суухдаа бүсээ бүслээгүй, үүнээс болж цонхоор шидэгдэх зэрэг аюул ойрхон байна гэсэн үг юм. Хэрэв танай гэр бүл яг одоо хөдөө хээр аялахаар явж байгаа, эсвэл төлөвлөж байгаа бол насанд хүрсэн нэг хүн арын суудалд заавал сууж хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах явах нь зүйтэй юм.
ГОЛ, НУУРЫН ЭРЭГ ДЭЭР:
Гэр бүлээрээ аялаж буй хүмүүсийн олонхи нь аяллынхаа үеэр гол, ус бараадан майхан, сүүдрэвчээ босгон амарч зугаалах нь их байна. Гэвч томчуудыг анхаарлаа сулруулсан үед хүүхдүүд гол ус руу гүйх, харайх зэргээр ямар ч хараа хяналтгүйгээр тоглож байна. Иймээс эцэг эхчүүд гол ус бараадан буудаллах үедээ нэн тэргүүнд гол усны гүехэн болон гүнзгий газрыг шалгаж, аль хэсэг хүртэл орж болохыг хүүхдүүддээ зөвлөх нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж буй хэрэг юм.
Мөн хамаатан садан, найз нөхдөөрөө аялж байхдаа нэгэндээ найдан хүүхдээ буудалласан газраа орхиж явсан тохиолдол гарсан. Иймээс аяллын үеэр хүүхдээ машин сэлгэж суулгахгүй байх, суулгасан тохиолдолд бусад машины хүмүүстэйгээ холбоо тогтоож заавал бүртгэж байгаарай.
Мөн жолоо барьж буй хүмүүс өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж яарах хэрэггүй. ЖОЛООЧ таны гаргасан нэг болчимгүй үйлдэл хайртай гэр бүлийг тань маш том аюулд оруулж магадгүй. Иймээс хором бүр сонор сэрэмжээ бүү алд. Хариуцлагатай бай.
БАЙГАЛЬ ЭКОЛОГИ ХАМГААЛАЛТ:
Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид хогоо уутанд хийж авч явдаг болсон нь маш талархууштай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр буудалласан газраасаа холгүй байх гуу жалганд хогоо хаях хүмүүс ч бас байна. Уг нь сайхан байгальд, гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ аялж байгаа бол хогоо төвлөрсөн цэгт аваачиж хаях хэрэгтэй. Ингэж чадвал танай гэр бүл, найз нөхөд, хамт олон жинхэнэ эко аялагчид. Мөн хүүхдүүд аав ээжийнхээ гаргаж буй үйлдлийг цаг ямагт харж байдаг гэдгийг битгий март. Таны хүүхэд хожим өөрийн амьдрал дээрээ таныг л дуурайна.
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР:
Аяллаар очих газрынхаа мэдээллийг урьдчилан интернетээс авах эсвэл очсон хойноо нутгийн ирггэдээс бодит мэдээллийг авч, хүүхдүүддээ ярьж өгөх, уул усны нэрийг тогтоолгох, домог ярьж өгөх нь хүүхдийн тань танин мэдэхүйн хөгжлийг дэмжих маш том ач холбогдолтой. Очсон газарт чинь музей байвал заавал гэр бүлээрээ тайлбартайгаар үзээрэй, хүүхдийн хувьд мэдлэг, бахархал болж үлдэнэ.
Хотын хавчигдмал орчинд байсан хүүхдүүд задгай хөдөө дураараа байвал загнаж, зэмлэх хэрэггүй. Харин өөрийгөө, дүү нараа болон хамт яваа хүмүүсээ хэрхэн анхаарч явах талаар ярилцаж, зөвлөлдөж, сайн тохиролцоорой.
Ээж, аавтайгаа аялсан таны хүүхдийн энэ зуны амралт хүүхэд насны хамгийн дурсгалт мөч байх болно.