Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна.
Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд үйлчилгээ авахдаа сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чадахгүй байсан бол эдгээр хүүхдүүдэд тусгайлан зориулсан урт болон богино хугацааны сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зорилготой 50 ортой хүүхдийн тасгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд шинээр нээн ажиллуулж эхлээд байна.
Монгол Улсын ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулсан юм.
Тус тасагт одоогийн байдлаар 12 хүүхэд үйлчилгээнд хамрагдахаар болж хүүхэд хамгааллын түр хамгаалах байр болон бусад халамж асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг үйлчилгээнд хамруулж эхэлсэн.
Цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлэх юм.
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардуулж хүүхдүүдээ баярлууллаа.