“Guys” хамтлагийн дуучин Д.Лхагвагийн “LVA” энтертайнментынхаа 10 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “1990” уран сайхны кино өнгөрсөн оны 1 дүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн билээ. Гэвч ковид-19 цар тахлын улмаас кино театруудын үйл ажиллагааг зогсоосон учраас кино үзэгчдэд хүрэх боломжгүй болсон юм.
Харин Ковид-19 цар тахалын эсрэг хоригуудыг үе шаттайгаар цуцлаж байгаатай холбоотойгоор кино театрууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа бөгөөд “1990” уран сайхны кино энэ сарын 9-нээс эхлэн кино театруудаар гарч эхлээд байна. Энэ талаар “Guys” хамтлагийн дуучин, “LVA” энтертайнментын Д.Лхагва өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичсэн байна.
Тэрбээр ““1990”, “The Woman”, “Онцгой эрх” кинонууд бүх кино театруудаар гарч байна. Кино бол маш олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр, хөлс, оюу ухаан, авъяас чадвар, хөрөнгө мөнгө зарцуулагдан байж бүтдэг. Covid-19 цар тахал гарсанаар хорио цээр тогтоож, бүх юм хаагдан 6,7 сарыг ардаа үджээ. Энэ хугацаанд уран бүтээлчид бид хийсэн уран бүтээлээ хүмүүст хүрэх сайхан цагийг тэсэн хүлээж, үзэгч та бүхэн минь ч кино театрт кино үзэхийн жаргалыг мөн тэсэн ядан хүлээсэн.
Тэгвэл одоо кино театрууд нээгдэж тодорхой дүрэм журмын дагуу үзэгчиддээ үйлчилж эхэллээ. Энэ хүнд цаг үед уран бүтээлээр цангасан та бүхнийхээ ангаа цангааг тайлахын тулд дээрх гурван киноны уран бүтээлчид бид их зоригийг гарган уран бүтээлээ та бүхэнд хүргэж байна. Театрууд, уран бүтээлчид бид бие биенээ дэмжин маш сайхан хамтарч ажиллаж байна. Та бүхэн минь кино театрт очиж монгол киногоо үзэж, уран бүтээлч биднийгээ дэмжээрэй!” гэжээ.
“1990” уран сайхны кино нь 1990 онд Монголын нийгэм, ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн болон тэр болгон хүнд тохиолдохгүй онцгой цаг үеийн тухай өгүүлнэ. “1990” киноны зохиолыг Д.Лхагва өөрөө бичиж найруулснаас гадна, гол дүрд нь тогложээ. Харин эмэгтэй гол дүрийг дуучин А.Хишигдалай бүтээжээ.
“Guys” хамтлагийн залуус кино урлагт хүч үзэцгээснээс хойш Д.Лхагваагийн хувьд, 2010 онд өөрийн нэрийг товчилсон “LVA” нэртэй энтертайнмент байгуулж, Амьдрал төсөл, Дурлалын гэмт хэрэг, Фэйсбүүк Од, Мухар гудамж, Сошиал Мэн зэрэг хэд хэдэн кино хийгээд байна.