Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Молекуляр ба эсийн биологийн хүрээлэн коронавирусээр өвдөөд эдгэрсэн Москвагийн гурван оршин суугчийн цуснаас төгс вакцин бүтээхэд тус болох чухал уураг ялган авчээ.
Гурван өвчтөний цусны дээжээс 28 эсрэг биет ялгаснаас тав нь вирусийг саармагжуулах шинж илэрсэн аж. Энэ нь хүн төрөлхтнийг хэрхэн аврах бол, мөн өвчтөнүүдийг эсрэг биетээр эмчлээд эхэлчихсэн үү? Иммуногенетикийн лабораторийн эрхлэгч Александр Таранины КП-Новосибирскт өгсөн ярилцлагаас хүргэе.
-Александр Владимирович, эхлээд та эсрэг биет яагаад хэрэгтэй, та нар яг юу олсноо тайлбарлаач.
-Дархлаа гэж юу вэ? Энэ бол бүхий л эмгэгээс хамгаалах бидний хамгаалалт юм. Дархлаа нь асар их тооны эсрэг биет бөгөөд тэдгээр эсрэг биет нь вирус биеийн эсэд нэвтрэхэд саад болж байдаг. Үүнийг л саармагжуулагч эсрэг биет гэж нэрлээд байгаа юм. Бид коронавирусийг эсэд оруулдаггүй эсрэг биет олсон.
-Энэ нь тэгээд хүн төрөлхтөнд хэрхэн тус болох вэ?
-Хэтдээ эдгээрийг эмч нар, коронавирустэй өвчтөнтэй шууд харьцаж байгаа хүмүүсийг хамгаалахад ашиглаж болно. Түүнчлэн эсрэг биетийг хүнд шатандаа байгаа, ийм эмчилгээ заагдсан өвчтөний эмчилгээнд хэрэглэх боломжтой.
Эсрэг биетийн шийдэж чадах хоёр дахь чухал даалгавар бол практикийн бус шинжлэх ухааны даалгавар юм. Ерөнхийдөө коронавирусийн эсрэг хамгаалалтын дархлаа ямар маягаар хөгжиж байгааг бид ойлгох нь нэн чухал. Хэрвээ бид үүнийг ойлгочихвол удаан хугацааны дархлаа бий болгох, дээр нь аюулгүй, үр дүнтэй вакцин хийж болно. Яагаад бид аюулгүй байдлын талаар ярьж байна вэ? Шинэ вакцинтай хамт гаж нөлөө гарах эрсдэлтэй. Үүнийг шинжлэх ухаанд эсрэг биетийн хамааралтай халдварын идэвхжил гэдэг. Вакцин өвчний явцыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэ үзэгдэл нь Денге чичрэг өвчин, Зика вирус зэрэг өргөн хүрээний вируст илэрдэг. Түүхэндээ хангалттай олон жишээ бий. Харин эсрэг биетийг судлах нь энэ асуудлаас зайлсхийхэд тустай.
-Эсрэг биетийг хэзээ эмчилгээний зорилгоор ашиглаж эхлэх боломжтой юм бол?
-Эсрэг биет эмчилгээний чанартай болдгийг бид аль хэдийнэ ойлгосон байх. Гэхдээ энэ нь удаан түүх. Магадгүй, вакцины түүхээс ч богино байж мэднэ. Амьтад дээр, клиникийн өмнөх, клиникийн туршилт явуулах хэрэгтэй. Энэ эсрэг биет эсрэг биетийн хамаарлын үр нөлөөтэй юу, хэр аюулгүй вэ, ашигтай юу эсвэл хортой юу гэдгийг бид ойлгох нь одоо чухал болоод байна.
-Хэрвээ урт түүх юм бол магадгүй огт хэрэггүй юм биш үү? Өдгөө бүгд л удахгүй вакцин бэлэн болно гэж ярьж байгаа…
-COVID-19 цар тахлаас өмнө дэлхий дээр коронавирусийн хоёр дэгдэлт гарсан. Гэхдээ тэдгээр нь хэсэг газрыг хамарсан, амархан алга болсон болохоор боловсруулсан вакцинуудыг клиникийн туршилтад оруулж чадаагүй. Гэхдээ байсан. Эсрэг биетийг ч ойлгож чадаагүй. Харин одоо шинэ дэгдэлттэй зэрэгцээд бид асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний үе дээрээ ирээд байна. Хэдийгээр өмнө нь эхэлснээ дуусгаж чадсан бол энэ удаад хүмүүс хамгаалалттай болчих байлаа. Мөн чанарын хувьд өнөөгийн бүх ажил дахиж гарч болох коронавирусийн дараагийн дэгдэлтэд бэлтгэх боломж олгож байгаа юм.
-Плазм буюу сийвэнгээр эмчлэх арга эсрэг биет хэрэглэхээс юугаараа ялгаатай вэ?
-Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн сийвэнг шилжүүлэх нь өдгөө эмчилгээний хамгийн хурдан арга болоод байна. Гэхдээ хэд хэдэн нюанс бий. Хүссэн болгон энэ сийвэнгээс шаардлагатай хэмжээгээр аваад байх боломжгүй. Үүнээс гадна тэдгээрийн дээжийг стандартжуулах боломжгүй. Түүнчлэн хөндлөнгийн халдвар дамжих эрсдэлтэй. Эсрэг биетээр хийсэн бэлдмэл нь тодорхой, аль хэдийнэ судлагдчихсан шинж чанартай учраас бүрэн аюулгүй.
-Та бүхэн судалгааны материалаа яаж авснаа яриач?
-Бид өвдөөд эдгэрсэн өвчтөнүүдийн цуснаас авч дархлааны зүйлс, вирусийн уургийн хэсгүүдийн эсрэг эсрэг биет байгаа эсэхийг шинжилсэн. Ийм эсрэг биет өндөр хүмүүсийн дээжийг сонгосон. Энэ дагуу бид ердөө л гурван хүний дээжтэй ажилласан. Дээжээ Москвагийн анагаах ухаан-биологийн холбооны төвийн Холбооны шинжлэх ухаан, клиникийн төвөөс авсан. Энэ бол коронавирустэй өвчтөнийг эмчилдгээрээ мэргэшчихсэн газар. Манай хамтрагч болох энэ хүрээлэнгийн орлогч захирал Владимир Павлович Баклаушев өвдөөд эдгэрсэн өвчтөнүүдийн цусны плазмыг судлах, ялган авах ажлыг хийж, бидэнтэй материалаа хуваалцсан. Бид бүхий л ажлаа иргэний, хувийн санаачилгаараа хийсэн гэж хэлж болно. Зүгээр л хийе гээд л хийчихсэн. Бид Новосибирскт 60 дээжний донороо аль хэдийнэ сонгон авчихсан. Санхүүжилт олчихвол ажил үргэлжилнэ.
Орчуулсан Э.МАРТ
4 comments
usa-n angliin medeg hulgailaagil bol bolz dee
Америк саксоны манкурт боол чи юугаа мэддэг юм!!!
Аятайхан мэдээ олсонд баяр хзргэе
Баярлалаа амжилт хүсэеэ