Автомашин замаасаа гарч 50-100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд халтирам болсон байдгийн учир юу вэ?
Өнгөрсөн баяр наадмын буюу долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн осол, хэргийн шинжтэй 759 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд 2, орон нутагт 21 хүний амь нас хохирчээ.
Ноцтой 16 зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирсны дөрөв нь хүүхэд байв. Амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл:
Жолооч- 5
Зорчигч- 15
Явган зорчигч- 5 тус тус эзэлж байна.
Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдлын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон
Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдлын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Ямар тохиолдолд тээврийн хэрэгсэл онхолддог болохыг та бүхэнд товчхон тайлбарлах нь зөв байх. Хоёроос гурван тонн орчим жинтэй автомашиныг 10 хүн нийлээд түлхээд автомашиныг хажуу тал руу нь унагаахад бэрх, гэтэл яагаад олон арван автомашин зорчиж явсан замаасаа гарч 50 метрээс 100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд халтирам байдал болсон байдаг вэ?
Үүний гол шалтгаан нь өнөөх л ХУРД юм.
Алхаж яваа хүн бүдэрч унадаггүй, харин гүйж яваа хүн бүдэрч унахдаа амархан гэдэг шиг хурдтай яваа, мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, багаажнаас өөр хэсэгт ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах зэрэг нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах эгшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Тиймээс л жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаал гэж Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг юм.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/
Гэр бүлийн аз жаргал Аялал
Аялал аюулгүй зорьсон газартаа хүрэх
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба