Лян Зыфу, Ли Суин нар гэрлэснийхээ дараа Хятадын Наньчун хотоос холгүйхэн орших агуйд суурьшжээ. Тэднийх гэр байшин барих мөнгөгүй, жижигхэн өрөө хөлсөлж авах ч тэнхэлгүй байсан тул энэ газрыг олж, амьдрахаар шийджээ.
Цаг хугацааны явцад эхнэр нөхөр хоёр гахай, тахиа, хэдэн нохой гээд өөрийн гэсэн аж ахуйтай болжээ. Агуй дотроо тэд унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө гээд хэд хэдэн өрөөтэй болж, үүдэн хэсэгтээ амьтдаа үржүүлдэг байна.
Түүнчлэн тэр ногоо, жимс тариалдаг. Тэд гартаа бараг мөнгө барьж үзээгүй болохоор хувцас, гурил, бусад шаардлагатай эд зүйлсээ ойролцоох мужаас өөрсдийн үйлдвэрлэсэн мах, өндөг, ногоогоороо сольж авдаг.
Энэ бүх хугацаанд эхнэр нөхөр хоёр дөрвөн хүүхэдтэй болжээ. Өрхийн тэргүүн бүх хүүхдээ өөрөө эх барин авсан байна. Хүүхдүүд нь аль хэдийнэ өсөж том болцгоож, эцгийн гэрээс хот руу явжээ. Өдгөө Лян, Ли нар агуйдаа хоёулхнаа аж төрж байна.
Энэ гэр бүлийн түүх хэдэн жилийн өмнө ил болсон юм. Тэдний тухай дэлхийн бүхий л хэвлэлээр шуугьж байлаа. Төрөөс эхнэр нөхөр хоёрт хотод сайн орон сууц, эсвэл жижиг байшин санал болгодог ч тэд аз жаргалд нь өөр юу ч хэрэггүй, хамтдаа л байвал бүх зүйл хангалттай гэдэг байна. 60 жил агуйд амьдрах хугацаандаа тэд чимээгүй байдал, цэвэр агаар, байгальдаа дасчээ.
Эх сурвалж: nakonu.com
Орчуулсан Э.МАРТ