2020 оны долдугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 143 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл,
Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ
Ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос сорьц аван шинжлэхэд коронавирус илрээгүй” гэлээ.
Коронавирусийн халдвар авсан 80 настай эмэгтэй ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан 230 тохиолдол байгаагаас 203 нь эдгэрч, ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ болон тандалтад байна.
Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг “Бага баян” амралтын газарт ажиглалтад оруулжээ.