АНУ-ын Миннесота мужийн иргэн, шүдний эмч Уолтер Палмер нь ховордсон зэрлэг ан амьтан агнаж зугаацдагаараа алдаршсан хүн юм.
Тэрбээр галт зэвсэг хэрэглэлгүй, нум сум ашиглаж ан гөрөө хийдэг өвөрмөц сонирхолтой хүн ажээ.
Палмер эмч анх 2015 оны долдугаар сард Зимбабве улсын дархан цаазат газарт амьдардаг байсан Сесил нэртэй арсланг агнаж, олон улсад танил болсон юм. Уг арслан нь Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгааны амьтан байжээ. Эрдэмтэд арслангийн хүзүүнд GPS байрлал тогтоогчтой хүзүүвч зүүж, олон жилийн турш амьдралыг нь судалж байсан юм.
Уолтер Палмер
Ийм алдартай амьтныг хөнөөсөн Палмер тухайн үед хэвлэлүүд, эрдэмтэд, байгаль хамгаалагчдад хүчтэй шүүмжлүүлж байв. Тэрбээр тухайн үед арсланг судалгааны амьтан байсныг нь мэдсэн бол авлахгүй байснаа хэвлэлд ярьж байсан юм.
Энэ явдлаас хойш нэг хэсэг ан гөрөө хийгээгүй Палмер өнгөрсөн онд Монгол улсын Алтайн нуруунд найзынхаа хамт ирж, аргаль агнасан нь саяхан ил болжээ.
Түүнтэй хамт анд явсан найз Брэнт Синклэйр нь энэ аяллынхаа зургийг фэйсбүүк хуудсандаа саяхан нийтэлснээр хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон байна.
Ингэхдээ хэл амнаас болгоомжилж, анчдын нүүрийг зургаас тасалж, зөвхөн агнасан аргалийнхаа зургийг бүтнээр оруулжээ. Синклэйр хамт явсан хүнээ “amigo” гэж нэрлэсэн ч хэвлэлүүд түүнийг Палмер эмч болохыг тодруулсан байна.
Палмер, Синклэйр хоёр өмнө нь олон удаа дэлхийн янз бүрийн улс оронд хамтдаа ховор ан амьтан агнаж байжээ.
Палмер, Синклэйр нар
Тэд өнгөрсөн оны наймдугаар сард Монголд ан хийхдээ 80,000 паундтай тэнцэх мөнгө төлсөн тухай Их Британийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Палмер эмч Сесил арсланг агнахдаа Зимбабвегийн байгаль хамгаалагчид 32,000 паунд төлж байсан гэдэг.
Палмер, Синклэйр нар Монголд аргаль агнаснаас хойш хоёр долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү мөн ижил зорилгоор Алтайн нуруунд очиж байсан юм.
Синклэйр фэйбүүк хуудсандаа Монголд хийсэн ан түүний хувьд хамгийн шилдэг нь байсныг бичжээ.
Human Society International байгyyллагын байгаль орчин хариуцсан дэд ерөнхийлөгч Тереза Телеки “Ан хийж зугаацдаг хүмүүс Монголд аялж, нэн ховордсон үзэсгэлэнтэй сайхан амьтан болох аргалийг хөнөөсөн нь тэвчишгүй бурангуй явдал юм. Таван жилийн өмнө Сесил арсланг агнахад дэлхий нийтээр харамсаж байсан бол энэ явдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Ховордсон ан амьтдыг зугаа цэнгээний зорилгоор хөнөөх явдлыг хуулиар хориглох цаг болжээ” гэж ярьжээ.
Эх сурвалж: The Daily Mirror
Орчуулан хүргэсэн IKON.MN
1 comment
boliochee hen iim zavaan umnuudiig avchirch hovor amtad agnuulaad baidag um be shalgaach !!!