Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн автозам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өглөө. Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 279 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 131 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээг байгуулж, нийт 56%-ийн ажлын явцтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын төсвөөр шинээр 12,617 км авто зам баригдах бөгөөд 7,766 км авто замын засвар шинэчлэлт хийгдэнэ. Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлах аж. Нийслэлийн замын сангаар 37,430 км, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1,272 км автозам шинээр тавигдаж аж.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 10 см давсан байдалтай байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны үед ГУББГ-ын ашиглалтанд байдаг 148км урт үерийн хамгаалалтын далан суваг, 187км урт ус зайлуулах шугам сүлжээ бүрэн хүчин чадлаараа үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлжээ. Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны үед үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зургаан байршилд нуралт үүсч далан суваг эвдэрсэн байдлыг яаралтай засварласан байна. Нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын журмыг зөрчсөн 1279 айл өрх, 275 аж ахуйн нэгж байгууллага байгаа судалгааг гаргажээ. Зөрчил гаргасан эдгээр иргэд аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж арга хэмжээ авч байгаа боловч хууль эрх зүйн орчин дутмаг учраас дорвитой хэрэгжиж чадахгүй байгааг тэрбээр онцлон хэллээ.
Дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт хадгалалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Агаар,орчны бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60 мянган тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. “Тавантолгой түлш” үйлдвэр энэ сарын 06, 07-ны өдрүүдэд 294.7 тн түлш үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрийн хашаанд битүү агуулахад 1894 тн түлш хадгалагдаж байна. Мөн 350тн түлш 5 агуулах руу, 8тн түлш борлуулалтын цэг руу ачигдсан болон борлуулалтын цэг, түлш нөөцлөх агуулахын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлшийг нөөцлөх аяныг эхлүүлсэн бөгөөд дундын болон хангамжийн баазыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн ирэх сарын 01-нээс эхлэн амжиргааны түвшин доогуур иргэдэд сайжруулсан түлш олгох ажлыг зохион байгуулах юм байна.
Улс, нийслэлийн Онцгой комиссын холбогдох шийдвэрийн дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээж буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөхдөө “Төвийн зургаан дүүрэгт “Түр зөвлөл”-ийг хяналт тавьж ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 730 хүний бие бүрэлдэхүүн 29824 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна. Үйл ажиллаагаа нь үе шаттайгаар нээж буй үйлчилгээний байгууллагуудад Эрүүл мэндийн газраас өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллах, хоорондын зай барих шаардлагыг тавьж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ноцтой зөрчил гаргасан аж ахуйн нэгж алга” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин сануулаад цаашид нээгдээгүй зарим үйлчилгээний газруудыг нээх асуудлыг судалж байна хэмээсэн юм.
Дотооддоо халдвар тархаагүй гээд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ
Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад “Ковид-19” цар тахал тархаж нийт 11,926,492 иргэн халдварласан мэдээлэлтэй байна. Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар 2 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 227 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн учраас иргэд олон нийт тайван байж, халдваргүйжүүлэлт, амны хаалтыг байнга хэрэглэж хэвшихийг уриаллаа.
Ариутгал, халдваргүйжүүлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэр гаргахыг хүслээ. Тэрбээр “Дотооддоо халдвар тархаагүй гэдэг үүднээс иргэд хэт назгайрч амны хаалтгүй, ариун цэвэр сахихгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхгүй байдал анзаарагдаж эхэллээ. Үйлчилгээний газруудад хэт олноор төвлөрч, иргэдийн халуун хэмжихгүй үйлчлэх, амны хаалтгүй, хоорондын зай барихгүй зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна. Баяр наадам зэрэгцэж назгайрч эхэлсэн үед цар тахал алдагдвал бид барьж дийлэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэд олон нийт аюул ойрхон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмийг сулруулж үйлчилгээний газруудыг нээж эхэлсэнтэй холбогдуулан амны хаалтгүй, ахуйн ариун цэврийг сахихгүй байгаад санаа зовниж байна. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Шуурхай штабаас жижүүр гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдал зогсоогүй. Үйлчилгээний газруудын халдваргүйжүүлэлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд амны хаалт, ариун цэврийг сайтар хангахыг уриалж ажиллах хэрэгтэй” хэмээгээд холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар хэлтсийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан ажлаа хийхгүй байгаа албан тушаалтнуудыг олон нийтэд ил зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн болон нутгийн захиргааны нийт албан хаагчдад санууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс