Times сонин Их Британийн тагнуулын албаны ажилтнууд тус улсад 23 мянган жихадист хэт даврагчид амьдарч байгааг судлан, тэднийг нэрлэсэн талаар өгүүлжээ. Британийн Засгийн газрын эх сурвалж тэдний 3000 орчим нь аюул учруулж мэднэ хэмээн үзсэн байна. Тэдний зарим нь мөрдөн шалгагдаж байгаа бол зарим нь цагдаа болон тагнуулын албаны тусгай ажиллагааны хяналтад байгаа гэнэ. Мөн үлдсэн 20 орчим мянган хүнийг “эрсдэл”-тэй гэж тусгай тайланд тэмдэглэсэн байгаа аж.
Тавдугаар сарын 22-нд “Манчестер Арена” цогцолборт Америкийн дуучны концертын үеэр Салман Абеди хэмээх амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 22 хүн тэдний тоонд 12 хүүхэд амиа алдсан. Одоо 66 хүн эмнэлэгт байгаагийн 23 нь сэхээн амьдруулахад байгаа аж. Британид болсон энэ аллагын хариуцлагыг Исламын улс гэх террорист бүлэглэл өөртөө авсан юм.
Манчестерийн аллагаас өмнө Лондон хотод гуравдугаар сарын 22-нд болсон Халид Масуд гэгч террористын халдлагын үеэр түүний машинд дайрагдсан хүмүүс зургаа нь амиа алдаж, хэдэн арван хүн гэмтсэн юм. Сонинд өгүүлснээр алан хядагчид Абеди, Масуд наырг хууль хяналтынхан “сонирхол татсан хүмүүс” гэж үзэж байсан ч хяналтаа зогсоосон байжээ. Өнөөгийн байдлаар Манчестерийн террортой холбоотой гэх 15 хүнийг баривчлаад байгаа юм.