Өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг хуралдав. Уг хурлаар усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүрэг даалгавар өгчээ.
Хурлын үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа” хэмээв.
Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр, дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Иймд үерийн далан сувгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.
Н.БАТАА