Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна.
2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон.
Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс