Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Цар тахалтай холбогдуулан дэлхий дахинд хамгийн их өртөж буй салбар бол аялал жуулчлал болон агаарын тээврийн салбар байна.
Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 оны эхний таван сарын байдлаар 120 орчим сая ам.долларын алдагдлыг хүлээсэн. Мөн хил хаасантай холбоотойгоор гадаадын жуулчин хүлээн авах, иргэд гадагшаа аялах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс дээрх асуудлуудыг зохицуулах үүднээс дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд 21 аймагт байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ажлын байруудыг хадгалах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, “Ногоон зээл” буюу жилийн найман хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлийг жуулчны баазуудад олгож байна. Мөн дотоодын жуулчдыг нэгдсэн мэдээллээр хангах үүднээс “Feel Mongolia” гар утасны аппликейшныг “iHotel”ХХК,“JoinMe” ХХК-тай хамтран гаргасан. Энэхүү аппликейнш нь жуулчдад аялалын захиалга өгөх, ААН-үүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдах, сурталчилах боломжийг бүрдүүлжээ. Мөн Монгол орны үзэсгэлэнт байгаль бүхий аялал зугаалгын газруудын мэдээллийг бүрэн багтаасан аж.
Түүнчлэн аялал зугаалгын 22 газарт зориулалтын авто зогсоол, ариун цэврийн газар бүхий цэгүүдийг шинээр байгуулж байна.
Монголын зочид буудлын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхбат “Манай холбоо БОАЖЯ-наас гаргасан санаачилгыг дэмжиж, зочид буудлуудын хогийг ангилах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн хөдөө орон нутгийг зорьж буй дотоодын жуулчдад зориулан 20-70 хувийн төлбөрийн хөнгөлөлт эдлүүлж байна. Харин Засгийн газраар дамжуулан Үл хөдлөх хөрөнгийн татварийг нэг удаагийн байдлаар тэглэж өгөх хүсэлтийг БОАЖЯ-нд гаргасан. Одоогийн байдлаар Сангийн яам хүсэлтийг хүлээн авч хэлэлцэж байна” гэв.