Оюутолгойн хэрэгт нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж, хэрэг шүүхийн шатанд ирээд байгаа билээ. Уг хэрэгтэй нэр холбогдон шалгагдаж байгаа Б.Ариунсан өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Ч.Сайханбилэг олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Эх орондоо ирэх хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг.
Тэрбээр “Төрд олон жил ажиллаж, Засгийн газрынхаа үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө шалгуулж байгаадаа дотроо харамсаж сууна. Тухайн шийдвэрийг гаргахад бүрэлдэхүүнээрээ оролцсон Засгийн газрын гишүүд нь ямар ч хариуцлага хүлээдэггүйд гайхаж байна. Тэд бүгд л давхар дээлтэй, УИХ-ын гишүүд байсан шүү дээ.
Засгийн газар хуралдаад нэгэнт гарсан шийдвэрийг нь хэрэгжүүлснийхээ төлөө жирийн албан хаагчид буруудаж байгаа нь шударга бус байна. Бид эвлэрлийн гэрээ хийе, Оюутолгойн татварыг багасгая, хөнгөлье, давуу байдал олгое гэсэн ямар ч үүсгэл санаачилга гаргаагүй. Хууль журамд өөрчлөлт оруулах эрх бүхий субьект ч биш. Засгийн газраа тэргүүлж, тухайн шийдвэрийг гаргаж, бидэнд үүрэг хариуцлага хүлээлгэж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь өнөөдөр гадаад оронд гарчихсан. Өндөр хөлстэй гадны өмгөөлөгч аваад хаана ч юм яваад байдаг. Гэтэл энд Ерөнхий сайд, түүний Засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлсэн хэд нь хууль хүчний байгууллагад шалгагдсан хэвээр байна.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсныхаа хувьд, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтныхаа хувьд эх орондоо ирэх хэрэгтэй шүү дээ. Энэ олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Нэг намын хувьд ч гэсэн нэг удирдлага дор ажиллаж байсны хувьд жаахан гомдолтой л байна” гэжээ.