С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. С.Баярыг Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр АТГ 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгасан юм.
2009 оны 10 дугаар сарын 6-нд Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж байсан. Энэ үеэс хойш Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй, тодорхой улстөрчид авлига авсан гэсэн дуулиан тасралтгүй өрнөх болсон.
С.Баярыг шалгаж эхэлснээр С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарын хүмүүс ч шалгагдаж эхэлсэн бөгөөд тэднийг өнгөрсөн зургаадугаар сард “барьцаа байршуулаагүй” гэсэн шалтгаанаар Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулаад байсан юм.
С.Баяр нарт холбогдох хэргийн шүүгдэгчдийн нэгнийх нь өмгөөлөгч Н.Номтойбаяр нарын хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүх хурлууд нэг өдөр давхацсан учраас С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах нь тодорхой болоод байгаа аж. Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр тус шүүхэд 09:00 цагт товлогдсон ч танхимын хүрэлцээнээс шалтгаалан 14:00 цаг хүртэл хойшилсон байна.