Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 2,3-ны өдрүүдэд хоёр дараалан үргэлжлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны өдөр буюу өнөөдөр 09:00 цагт товложээ.
Эргэн сануулахад эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдэгджээ.
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа буюу үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 256-р тогтоол гаргаж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан байдаг.
Тост, тосон бумбын нуруу орчимд ашигт малтмалын шинэ тусгай зөвшөөрлүүд ингэж Засгийн газрын тогтоолоор баталагдан гарсан бөгөөд шинэ эзэмшигч нь “Элбэг Орд” нэртэй Хятадын компани байсан юм. Гэвч 2017 оны есдүгээр сарын 13-нд гарсан тусгай зөвшөөрлийг “Элбэг Орд” компани Ж.Эрдэнэбатын төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлсэн байв. Ашигт малтмал, газрын тосны газар XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ж.Эрдэнэбатын дүү болон түүний эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлж бүртгэснээ 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдэж байжээ.
Үүнээс хойш сар гаруйн дараа буюу 2018 оны тавдугаар сард нэгэн шинэ компани байгуулагдсан нь “Бэст лэнд майнинг” компани дээрх тусгай зөвшөөрлийг дамжуулан авсан бөгөөд энэ компанийн гүйцэтгэх захирал нь “Алтайконстракшн” компанийн эзэн Х.Бат-Эрдэнэ байсан юм.