Шинэ парламентын өнөөдрийн (2020.07.02) хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон 71 гишүүний 70 хүний саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан ажиллуулахыг дэмжлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улс үндэсний их баяр наадмын өмнө Засгийн газраа эмхлэн байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Өнгөрсөн онд УИХ-аар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан байгаа. Хууль энэ оны 05 сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн учраас У.Хүрэлсүхийн танхимд цөөн хэдэн давхар дээлтэй сайд байх юм.
УИХ-ын гадна үлдсэн МАН-ын олон улстөрчид сайдын албан тушаалыг хаших нь гэсэн яриа сонгуулийн маргаашаас гарсан. “Давхар дээл”-гүй сайд нарын тоонд Я.Содбилэг, Ж.Энхбаяр, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат нар багтах магадлалтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Сонгуульд ялсан улс төрийн намын генсек улс төрийн албан тушаал хаших эрх бүхий улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, намын даргынхаа араас жагсаж байдаг. Энэ нь өмнөх 7 сонгуулийн түүхэнд бичигдсэн туршлага учраас Д.Амарбаясгаланг аль нэг яамны сайд биш гэхэд Хотын даргаар томилогдоход ч гайхах хүн гарахааргүй болсон байв. Гэвч Д.Амарбаясгалан олон хүний таамаглалыг эвдэж өчигдөр Ерөнхий сайдаа тодруулахаар хуралдсан МАН-ын Бага хурлын дараа “МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана” хэмээн мэдэгдэж олон хүний гайхлыг төрүүллээ.
МАН-ын сонгуулийн төв штабыг удирдаж, багаа хоёр дараалан УИХ-ын сонгуульд ялахад нөлөөлсөн генсекийг уг нь аль нэг яамны сайдаар очих эсвэл Хотын даргаар томилогдлоо гэхэд гайхах хүн гарахгүй байв. Хотын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, хотын төсвийг захиран зарцуулах шийдвэр гаргаж явсан учраас Д.Амарбаясгаланд магадгүй Хотын даргын албан тушаал илүү тохирч мэдэх юм. Түүнийг хотод очлоо гэхэд эсэргүүцэгчид их л сайндаа ганц хоёр өдөр шаагиад өнгөрөх байсан болов уу.
Харин Д.Амарбаясгалангийн албан тушаалын шуналгүй олныг гайхшруулсан шийдвэр улс төрд, ялангуяа албан тушаалын хорхойтой залуучуудад сургамж, нийгэмд харин сайн жишиг болж өгөх шиг боллоо. Ялсан намын ялалтын бялуунаас татгалзсан генсек нэг ч байгаагүй. Албан тушаалд шуналгүйгээр амжилтын карьерыг өсгөж болно гэсэн хэний ч санаанд оромгүй шинэ жишгийг Д.Амарбаясгалан энэ удаа улс төрд тогтоосон нь хамгийн эрүүл үзэгдэлд тооцогдож эхэллээ.
Д.ТЭРГЭЛ
1 comment
Zuv shiidver gargajee.. harin ch shudarga zaluu sanagddag yuma. Ene zaluug ulam demjij ajillaasai. Amjilt husey.