БНСУ-аас иргэдээ татан авахаар өнөөдөр /2020.07.02/ тусгай үүргийн хоёр онгоц хөөрнө. Эхний онгоц нь үүрээр 05.40 цагт БНСУ-ыг зорьсон бол хоёр дахь онгоц нь өдөр 12.10 цагт хөөрөх юм.
Энэ удаагийн нислэгээр 400 гаруй иргэд эх орондоо ирэх гэнэ. БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2500 гаруй хүн өргөдөл, хүсэлтээ өгсөн байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг долдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулахдаа “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ыг дуустал сунгасан хэдий ч хилийн зорчих хөдөлгөөний хязгаарлалт долдугаар сард үргэлжилнэ.
Үүнтэй холбоотойгоор тусгаарлах байрны нөөцийг нэмээд, тав, зургадугаар сард татан авсан иргэдийн тоог нэмсэн. Тусгай үүргийн онгоцны нислэгийн давтамжуудыг ч бас нэмсэн. Долдугаар сарын эхний нислэгийг БНСУ-руу энэ сарын 2-нд хоёр онгоц ниснэ.
Тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж, онгоцны тоог нэмсэн.Тусгаарлах байрны нөөц бага ч гэсэн нэмэгдэж байгаа. Долдугаар сарын сүүлчээр тусгаарлах байрны нөөцийг харж байгаад дахин нислэг хийхээр төлөвлөөд байна” гэв.
Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн болон транзит нислэгийн хуваарь:
- 7-р сарын 2-нд Сөүл
- 7-р сарын 4 Токио
- 7-р сарын 7 Сөүл
- 7-р сарын 9 Истанбул /транзит/
- 7-р сарын 15 Сөүл /транзит/
- 7-р сарын 20 Сөүл
- 7-р сарын 21 Токио7-р сарын 26 Франкфур руу нислэг үйлдэнэ.