Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл: Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг эхлүүллээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах юм байна.
Цагдаагийн ерөнхий газар, “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК 2019 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үесэг зурсан бөгөөнд энэ хүрээнд “Яарад яахав дээ” нөлөөллийн аяныг зохион байгуулснаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК хоёр дах жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ удаагийн аяныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал юм.