Шинэ УИХ-д долоон аймгийн Засаг дарга сонгогдож, өчигдөр тангараг өргөөд байна. Тэдний оронд шинээр Засаг даргын томилгоо явагдах юм. Орхон аймгийн Засаг дарга байсан Д.Батлутын оронд “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ яригдаж байгаа юм байна.
Б.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой хүний тоонд багтаж байсан ч нэр дэвшээгүй өнжсөн бөгөөд Эрдэнэтийн иргэдэд чиглэсэн тоймтой ажлуудыг хийж байсан нэгэн юм байна. Тухайлбал, Орхон аймгийн хүүхэд багачуудаас эхлээд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн албан хаагч, оюутан залууст чиглэсэн төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлсэн. Мөн Эрдэнэтийн тулгамдсан асуудал болох орон сууцны асуудлыг шийдэх үүднээс БНСУ-ын хөрөнгө оруулалтаар наадмын талбайн дэргэд 288 айлын “ББ парк” орон сууцны хотхон барих ажлыг хэрэгжүүлж байжээ.