УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын гишүүд тангараг өргөж дууслаа.
Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт орсныг тодотгоё.
Шинэ гишүүд тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлагдлаа.
Тогтоолд, “2020 оны 6 дугаар сарын 24-ны өдөр явуулсан УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.2, 7.4, 17.3.1 дэх заалтын үндэслэн тогтоох нь. УИХ-ын гишүүнээр сонгогдсон дараах нэр бүхий гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй” хэмээн заажээ.
Ийнхүү шинээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. УИХ-ын чуулган 16.00 цагт хуралдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товлов.