Хоёр давхар автобус өнөөдөр Ч:1 буюу Офицеруудын ордон-Таван шар чиглэлд иргэдэд үйлчилж эхэллээ.
Нэг ширхэг хоёр давхар автобус 207 мянган ам.доллар буюу 584 сая төгрөгийн үнэтэй юм. Харин энгийн цахилгаан автобус нь 140 мянган ам.доллар буюу 395 сая төгрөгийн үнэтэй аж.
Хоёр давхар автобусанд 70 зорчигч суудалд сууж явах боломжтой. Тиймээс маш тав тухтай байна хэмээн найдаж буйгаа холбогдох албаныхан илэрхийлж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орох, гарах шаттай аж.
ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭНЭХҮҮ АВТОБУС НЬ ӨӨРИЙНХӨӨ ӨРТГИЙГ ОРЛОГООРОО БҮРЭН БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ
НИТХ-ын дарга Р.Дагва: Нийслэлчүүдийн хувьд сонирхолтой, шинэ төрлийн автобус анх удаа үйлчилгээнд явж эхэллээ. Энэ автобуснуудыг Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр оруулж ирж буй юм. Зургаан жилийн хугацаанд энэхүү автобус нь өөрийнхөө өртгийг орлогоороо бүрэн барагдуулах боломжтой. Цахилгаан автобус нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилтыг биелүүлэхийн тулд бид дизель хөдөлгүүрээс татгалзах шаардлагатай. Нийтийн тээврийн үйлчилгээг олон төрөлтэй болгох эрхэм зорилгын эхний алхам нь энэ юм.
ДАВХАР АВТОБУС 30 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦЭНЭГЛЭЛТЭЭР 400 ГАРУЙ КМ ЗАМ ЯВЖ БАЙНА
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга дарга Б.Цолмон: Долдугаар сард нийт 46 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр автобусны төлбөрийн 20 хувийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Үлдсэн 80 хувийг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байна. Үүнд 10 ширхэг 2 давхар автобус, 36 ширхэг энгийн цахилгаан автобус багтана.
Энгийн цахилгаан автобусыг өнгөрөгч оны зургаадугаар сард оруулж ирээд 50 мянган км явж туршилт хийгээд байна. Өвлийн улиралд ямар нэгэн техникийн асуудал гараагүй. Хоёр давхар автобус нь энгийн автобустай харьцуулахад нэг удаагийн буюу 30 гаруй мянган төгрөгийн цэнэглэлтээр 400 гаруй км явж байна. Эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй. Зургаан жилийн хугацаанд өөрийнхөө өртгийг төлөх боломжтой.
Түүнээс хоёр давхар автобус үйлчилгээнд явахад гүүр тулах, утас кабелд шүргэх зэрэг асуудал үүсэх талаар тодруулахад, Троллейбусны шугамын хамгийн нам хэсэг нь 5,2 метрийн зайтай өндөрт байна. Энэ нь тус автобуснаас нэг метрийн зайтай байгаа юм. Тэгэхээр кабелын утас тээглэх асуудал байхгүй.