Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага 2020. 06.29-ний өдрийн 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат А гэх гурван настай хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:00 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.