Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч З.Бат-Отгон нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувцаслалттай холбоотой цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ хүний тухай янз янзаар л бичицгээж байна. Түүний дотор энгийн байх, минималист байх тухай санаа түлхүү явж байна.
Энгийн байна гэдэг бүдүүлэг байхын нэр биш, энгийн байна гэдэг бохир болхи байхын нэр биш, энгийн байна гэдэг хүндэтгэл дээдлэлгүй байхын нэр биш.
Энэ хүн одоо иргэн Доржханд биш болсон, луйвраар ч бай Монгол төрийн түшээ болсон. Муу ч сайн ч Монгол төрт ёс шүү дээ. Монгол төрийг нь луйварддаг юмаа гэхэд Монгол төрт ёсыг нь хүндэлж энэ ард түмнийг доромжилсон дээрээ басамжилмааргүй байна.
Минималист гэдэг үг, ойлголт монголчуудын хувьд шинэ юм огтхон ч биш. Малчин амьдрал, нүүдэлчин соёл тэр чигээрээ минималист оршихуй.
Минималист байна гэдэг хайш яйш байхын нэр биш, минималист байна гэдэг хамаа замбараагүй байхын нэр биш, минималист байна гэдэг хариуцлагагүй байхын нэр биш, минималист байна гэдэг ёс суртахуунгүй байхын нэр биш.
Шороотой жинс, пүүзээ сольчих хэмжээнд эмхэрээгүй, биеэ яаж авч яваагаа харчих хэмжээнд цэгцэрээгүй, биеэ зөв авч явж чадахгүй хүн Монгол төрийг яаж авч явах юм бол доо?!
Өчүүхэн үдээс мартаж байгаа хүн Монгол төрийн том үйл хэргийг мартахгүй яаж хийх юм бол доо?! Үдээсгүй явах нь битгий хэл үдээс сулрах, тайлагдахад ямар эвгүй байдаг билээ?!
Эсвэл Монгол төрийг задгай, онгорхой, сугарамхай, элс чулуу ордог, хог шороо чихдэг үдээсгүй гутал гэж доромж нүдээр харж, ойлгож байгаагаа илэрхийлээгүй баймаар. Энэ хүнийг харийн тавиул гэцгээгээд байгаа нь ингэж сэрдэхэд хүргэж байна.
Төрийн ордонд орох нэг хэрэг Монгол төрт ёсны босгоор алхах өөр хэрэг. Монгол төрт ёсны утга агуулга, зорилго, хосгүй үнэ цэнийг мэддэг байсан учир эртний хаад, хатад энгийн цагт тэрлэгээ өмсдөг ч төрт ёсны үйл хэрэгтээ сүрлэг сайхан хаан хувцас, хатан хувцсаа өмсдөг байж. Энэ бол Монгол төрт ёсоо хүндэтгэн дээдэлсний илрэл байснаас тансаглал, чамирхал, баярхал байгаагүй нь лавтай.
Доржханд бол нэг л жишээ. Хүний эрх гэдэг чимээгүй алуураар дамжуулж өнгөрсөн 30 жил ингэж бидэнд өөрийгөө л илүүд үзэж, өөрийгөө л илүүд тоож, өөрийнхөө мунхаглал, муйхарлалыг илүүд тавихаас бусад юуг ч үл тоох, үл хүндлэх занг бат суулгасан. Юу үнэн энэ үнэн.
Ямар ч хүүхэд 9 сарын 1-нд цэвэрхэн хувцсаа өмсөөд хичээлдээ явах ёстойгоо зөнгөөрөө мэддэг. Ямар ч хүүхэд үдээсээ сулрахад чангалдаг, үдээсгүй бол үгүйлдэг шүү дээ” хэмээв.